Хурдан морины төвийн болон хангай бүсийн уралдааны тов гарч уяачдыг баярлуулж, унаач хүүхдүүдийг түгшүүрт автуулав.
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулахаар болжээ.
Өвлийн уралдааныг хориглож, хаврын уралдаан гэж нэрийдсэн ч хоёрдугаар сарын сүүлчээр төдийлөн дулаарч, цаг тавигддагүй. Гэтэл ийнхүү хаврын тэргүүн сар гарч 21 хонож байхад энэ жилийн морин уралдаан эхлэх нь.
Угтаа 28-нд уралдах морьдыг өвлийн сард барьж, уяа сойлгыг нь тааруулсан байх учиртай. Ингээд бодохоор хаврын уралдаан нь өвөл эхлэж хуулиа зөрчиж байна. Жил бүр хаврын уралдааныг эрт зохион байгуулснаас олон арван хүүхэд мориноосоо унаж бэртдэг төдийгүй амь насаа алдсан гашуун түүх олон бий.
Хамгийн ойрын жишээг дурьдахад өнгөрсөн хавар болсон “Дүнжингаравын их хурд” наадамд долоон хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн гэсэн тоо баримт бий. Түүнчлэн 2013 онд нийт 8148 хүүхэд морь унаж, 958 хүүхэд уралдааны үед мориноос унаж, 916 нь хөнгөн, 34 нь хүндэвтэр, дөрөв нь хүнд гэмтэл авсан бол зургаан хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болсон. Мөн 2014 онд 7477 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 621 нь мориноос унаж, 593 хүүхэд хөнгөн гэмтсэн бол 25 нь хүндэвтэр, гурван хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Азаар амиа алдсан хүүхэд бүртгэгдээгүй ч энэ бол харамсалтай тоо баримт юм.
Ийн атал хурдан морьд, хүүхдийн хүч хөдөлмөрөөр зугаацах дуртай эрхэмүүдийн эрх ашгийг дээдэлж, хаврын уралдааныг энэ сарын 28-нд буюу өвлийн жавар арилаагүй үед зохион байгуулах гэж байгаа нь харамсалтай.
Унаач хүүхдүүдийн дийлэнх нь 6-12 насны хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Тэд хурдан хүлгийн нуруун дээр тогтон байж барианд ирэх юмсан гэж залбирдаг гэдгээ ч нуудаггүй. Унаач хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо төр засагт төдийлөн хүргэж эрх ашгаа хамгаалж чаддаггүй. Энэ ч өдгөө төр засгийн эрхмүүдийн морин уралдааныг өвлийн жавар арилаагүй байгаа өнөө үед зохион байгуулах шийдвэр гаргахад нь нөлөөлж буй нь дамжиггүй. Тиймээс хүүхдийн эрх ашгийг дээдлэж, тэдний төлөө үйлчлэх ёстой газрууд нь одоо л дуугарч унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд анхаарал хандуулаасай гэж хүсэх хүн олон байгааг энд дахин дуулгах нь зүйтэй болов уу.
Сар шинийн өмнөхөн зарим аймгийн засаг дарга нар хаврын хахир хатуу цагт хурдан морины уралдааныг өөрийн аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахгүй гэдэг шийдвэрийг гаргаж байсан. Тодруулбал, Төв аймгийн засаг дарга 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр гаргасан тоот захирамждаа хаврын морин уралдааныг хоригложээ.
Харин сар шинийн өдрүүдэд Ховд, Хөвсгөл аймгийн засаг дарга мөн захирамж гаргаж хаврын морин уралдаанаас татгалзжээ. Орон нутгийн засаг захиргаа ийн хүүхэд багачуудаа бодож хаврын хахир хатуу цагийн морин уралдаанаас татгалзаж байхад Засгийн газар энэхүү шийдвэрийг нь үгүйсгэсэн, үл тоосон нэгэн шийдвэрийг битүүний өдрийн хуралдаанаараа гаргалаа.
Тухайлбал хоёрдугаар сарын 8-ны өдрийн Засгийн гарын хуралдаанаас хурдан морины бүсийн наадмын хуваарийг тогтоохдоо “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын 21-нд буюу хоёрдугаар сарын 28-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд, Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр тус тус зохион явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт долдугаар сарын 30-31-ний өдрүүдэд, Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт долдугаар сарын 24-нд болно гэж заажээ.
Аймаг, орон нутгийн засаг захиргааныхныхаа гаргасан шийдвэрийг Засгийн газар нь мэдээгүй юу эсвэл үл тоосон уу ямартай ч тэнгэр газар шиг ялгаатай хоёр шийдвэр хэдхэн хоногийн зайтай гарав.
Үнэндээ орон нутгийн удирдлагууд нь нутаг орныхоо өвөлжилт, хаваржилтын байдлыг харгалзан үзэж, унаач хүүхдүүд, хурдан хүлгийн байдлыг харгалзан үзэж ийнхүү шийдвэр гаргасан нь дамжиггүй. Тиймээс энэ бүгдийг төр засгийн эрхмүүд анхааралдаа авч зөв шийдвэр гаргах байх гэдэгт найдах үлдлээ.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жишээ баримттайгаар төр засгийн өндөрлөгүүдэд хүртэл дуугарч чаддаг газар төдийлөн байдаггүй.
Гэхдээ хүүхдийн хөдөлмөр ялангуяа, тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд муугаар нөлөөлж байгааг ХЭҮК-оос гаргасан илтгэлдээ жишээ баримттайгаар гаргажээ. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг нь яах аргагүй хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хэмээн тодорхойлсон байна.
Тус илтгэлд “Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан зарим талаар бизнесийн шинжтэй болж, үндэсний баяр наадмаар хязгаарлагдахаа болихын хамт унаач хүүхдийн тоо өсч байгаа нь хүний эрхийн байгууллагын анхаарлыг татаж байна. ХЭҮК, ХТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд хурдан морь унаж байгаа 30 орчим мянган хүүхэд байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд жилдээ давхардсан тоогоор 150 орчим их, бага уралдаануудад оролцож байна.
Энэ тоон дээр сунгаа, жижиг уралдаануудад оролцсон тоог нэмбэл хэд дахин өссөн дүн гарна. Хэдийгээр Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа боловч хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Хурдан морины уралдаан нь Монгол үндэстний дэлхийд бахархах нандин соёл гэдгийг ХЭҮК хүлээн зөвшөөрч байгаа боловч унаач хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох явдал түгээмэл гарч байгаатай эвлэрэх боломжгүй байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын V тайлан илтгэлтэй холбогдуулан төрийн бус байгууллагын сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд илгээх илтгэлийн наймдугаар хэсэгт “Унаач хүүхэд” гэсэн хэсгийг багтаажээ.
Үүнд “Засгийн газрын илтгэлд дурдсан цахим хуудаст хурдан мориноос унаж бэртсэн, амиа алдсан, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон хүүхдийн талаар мэдээлэл байхгүй. Харин бүртгэлтэй морь унаач хүүхдийн тоо, морь унаж түрүүлсэн хүүхдийн тоо, болж өнгөрсөн уралдааны нэр, ямар насны морь хэдэн цагт, хаана уралдах мэдээлэл байршуулсан нь уралдааныг дэмжин зохион байгуулдаг байгууллагын цахим хуудас шиг байв.
Гэмтэл согог судлал, сэргээн засалтын клиник эмнэлэгт (ГСЗКЭ) 2009 оны наймдугаар сард мориноос унаж эмчлүүлсэн 158 хүүхдийн 32.9 хувь нь Улаанбаатар хотын, 67.1 хувь нь хөдөө орон нутгийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн 94.3 хувь нь мориноос унах үедээ гэмтсэн бол гурван хүүхэд мориноос унах үедээ чирэгдсэн, хоёр хүүхэд унах үедээ мориндоо гишгүүлж бэртсэн, нэг хүүхэд морьтойгоо уралдааны үед машинд мөргүүлснээс гэмтсэн байна” хэмээжээ. Мөн “АНУ-ын Төрийн Департаментын Хүүхдийн хөдөлмөрийн товчооноос гаргасан 2013 оны илтгэлд “Орон нутгийн болон үндэсний баяр наадмын үеэр болсон морин уралдааны үеэр зургаан унаач хүүхэд нас барсан. Гэвч эрүүгийн хэрэг нээгээгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр ийм тохиолдлыг морины эзэнтэй хувийн журмаар тохиролцож бэртсэн, амиа алдсан хүүхдийн төлөө төлбөр төлж шийдвэрлэдэг байна. Ихэнхдээ унаач хүүхэд морины эзний өөрийнх нь охин юмуу, хүү байдаг байна” гэж дурдсан байна” гэжээ.
Харин дараагийн хэсэгт “Монгол Улсад хүүхэд уралдааны мориноос унаж бэртсэн, амь насаа алдсан тохиолдолд хариуцлага хүлээх эрх зүйн орчин, тогтолцоо одоогоор байхгүй. Уралдаан зохион байгуулагчид, хурдан морины эзэд, уяачид унаач хүүхдийн төлөө хариуцлага хүлээхгүй бөгөөд “хүүхэд өөрөө сайн дураараа хурдан морь унасан” гэх тайлбар өгдөг. Ядуу амьдралтай айлын хүүхдээр хурдан морь унуулсны хариуд юу өгөх нь морины эзний дур бөгөөд эцэг эхэд нь бага зэрэг мөнгө өгөх, гэрт нь идэж уух зүйл, хүүхдэд хичээлийн хэрэглэл, хувцас авч өгөх төдийхнөөр хэмжигддэг.
Уралдаанд морь унах хүүхдийн ажил уралдааны өдрүүдээр хязгаарлагдахгүй зуны 2-3 сар үргэлжилдэг. Монголын цаг агаар эрс тэс, ширүүн ба өдөр шөнийн агаарын температурын зөрүү хэт их байдаг. Ихэнх уралдаанууд жилийн хамгийн халуун сарууд болох 7, 8 дугаар сар, эсвэл хамгийн хүйтэн сарууд болох 1, 2 дугаар сард болдог. Уралдааны морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн нэг заалт хамгаалж байна.
Энэ заалт зөвхөн долдугаар сарын 11-13-нд болдог Үндэсний баяр, наадмын уралдаантай холбоотой заалт бөгөөд бусад цаг үед болж байгаа том, жижиг уралдаанууд дээрх зохицуулалтад хамаарахгүй байна” гээд дараах зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид “10-аас доош насны хүүхдээр уралдааны морь унуулахыг хориглох, өвөл цагийн уралдаанд хүүхдээр морь унуулахыг бүрэн хориглох, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг яаралтай эхлүүлэх, эрчимжүүлэх” хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (30)