Дэлхийн улсуудад аюулын харанга дэлдээд буй Зика вирусын тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Зика вирусыг анх 1947 онд Уганда улсад сармагчингаас илрүүлж байсан ч онц аюултай вирусын тоонд төдийлөн багтдаггүй байв. Гэвч 2015 оноос эрчимжиж эхэлсэн вирусын дэгдэлт олон улсад түгшүүр дагуулаад байна.
Баримт 2. Уг вирус нь голчлон шумуулаар дамжин халдварлаж байна. Мөн бэлгийн замаар халдварлаж буйг эрдэмтэд тогтоогоод байна.
Баримт 3. Зика вирус нь хүн амын эмзэг давхарга болох хүүхэд, эмэгтэйчүүдэд хамгийн өндөр хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. Уг вирусээр өвчилсөн жирэмсэн эмэгтэйгээс ургийн гажигтай хүүхэд төрж байгаа юм. Тухайлбал, толгой жижигтэй, хараагүй гэх мэт.
Баримт 4. Энэхүү вирусыг анх сармагчнаас илрүүлж байсан ч одоогийн байдлаар “Aedes” хэмээх шумуулаар дамжин хүнд халдварлаж байна.
Баримт 5. Мэргэжилтнүүд генетикийн өөрчлөлттэй шумуул энэ удаагийн дэгдэлт гаргахад нөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа юм.
Баримт 6. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, АНУ-д бэлгийн замаар дамжин хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдсэн.
Баримт 7. Өмнөд болон Хойд Америк, Ази, Африк, Австрали тэргүүтэй 20 гаруй улсад тархсан бөгөөд халдварын голомт нь Бразил улс болоод байна.
Баримт 8. Жирэмсэн эх зика вирусаар халдварласан тохиолдолд ургийн гавлын яс жижгэрч, оюун ухааны хомсдолтой, хараа, сонсгол муутай хүүхэд төрөхөд хүргэдэг байна. Гэвч уг вирус микросефали /хүүхэд хэвийн хэмжээнээс хэт жижиг толгойтой төрөх/-тай хэрхэн холбогдож байгааг хараахан тогтоогоогүй байгаа аж.
Баримт 9. Судлаачид зика вирусыг жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүст төдийлөн эрсдэлгүй гэж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүс вирусын халдвар авсан тохиолдолд ямар сөрөг үр дагаварт хүрэх нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ уг халдвараар өвчилсөн хүн өндөр халуурч, бөөлжиж, суулгаж байгаа гэж эрүүл, мэндийн байгууллагаас мэдээлж буй.
Баримт 10. BBC агентлагийн мэдээлснээр, аравдугаар сараас хойш Бразил улсад зика вирусын халдвар авсан 3670 хүүхэд төржээ.
Баримт 11. 2016 онд уг үзүүлэлт 4 сая болж нэмэгдэнэ гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргаад байна.
Баримт 12. АНУ-д мөн уг вирус нэвтрээд байна. Зика вирусыг тараагч шумуул нь голдуу халуун орны бүс нутгуудад амьдардаг ч Америкийн эх газарт вирусыг тээж, халдвар тараах чадвартай Аедэс төрлийн шумуул байдаг аж. Одоогоор АНУ-д орж ирээд байгаа вирусын дэгдэлтийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна.
Баримт 13. Хамгийн сүүлийн мэдээгээр Хятад уг вирусын анхны тохиолдолд бүртгэгдээд байна. Бразилд аялаад ирсэн хятад залуу уг өвчнөөр өвчилснийг тус улсын эрүүл, мэндийн байгууллагаас тогтоож өвчтөнийг тусгаарласан байна.
Баримт 14. Зика вирусын эсрэг эм бэлдмэл, вакцин хараахан гараагүй байгаа бөгөөд 2016 оны сүүлээр туршилтын вакцин гарна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгч байна.
Баримт 15. Одоогоор өвчний нууц үе хэд хоног үргэлжилдэг нь тодорхойгүй байгаа юм.
Баримт 16. Халдвар авсан хүмүүст өндөр халуурах, үе мөчөөр өвдөх, арьсан дээр тууралт гарах, нүд үрэвсэж улайх зэрэг шинж тэмдэг илэрч байна.
Баримт 17. Зика вирус 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразильд ирсэн гэж таамаглажээ. Өмнө нь Францын Полинезийн арлуудад Зика вирусын халдвар гарсан байна.
Баримт 18. Хэрэв Бразильд халдварын тархалтыг зогсоож чадахгүй энэ хэвээр үргэлжилбэл Риод Олимпын наадамд зохиогдох эсэх нь эргэлзээтэй болж байна.
Баримт 19. Зика вирусын халдварын эсрэг Бразилийн засгийн газраас армийн 200 мянган гаруй цэргийг дайчлан шумуул устгах арга хэмжээг авч эхэлжээ. Цэргүүд айл бүрээр нэг бүрчлэн явж шумуул устгалын ажил хийж байна. Түүнчлэн засгийн газраас шавж устгалын бодисыг тарааж байгаа аж.
Баримт 20. Колумб улсад 13500 гаруй хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Зика вирусын халдварын улмаас Колумб, Эквадор, эль-Сальвадор, Ямайк улсад эмэгтэйчүүдийг нэгээс хоёр жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөжээ.
Баримт 21. Азиас гаралтай ч Европын өмнөд хэсгээр өргөн тархсан “бар шумуул” Зика вирусын халдварыг тарааж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Энэ тухай Италийн Милан хотын их сургуулийн шавьж судлалын эрдэмтэн Фабризио Преглиасо мэдээлжээ. “Халдвартай хүнийг бар шумуул хазсанаар Чикунгунья вирус өөр 200 хүнд дамжсан тохиолдол өмнө нь гарч байсан. Иймд бид халдвартай хүмүүсийг тусгаарлаж Зика вирусын халдварыг бар шумуулд дамжуулахгүй байх хэрэгтэй” хэмээжээ.
Баримт 22. Эрдэмтэд Зика вирусын халдвар Номхон далай болон Зүүн Өмнөд Азийн орнууд, АНУ-ын Флорида муж улсад тархах өндөр магадлалтай байгааг анхааруулж байна.
Баримт 23. АНУ-ын агаарын тээврийн хоёр том компани Зика вирусын халдвар гарсан орон руу зорчих тасалбар авсан хүмүүсийн мөнгийг буцаан өгөх эсвэл нислэгийг өөрчлөх боломжийг олгожээ. “United Airlines” болон “American Airlines” компаниуд Төв Америк руу зорчихоор төлөвлөж байсан жирэмсэн эмэгтэйчүүдийн тасалбарыг буцаах болов. АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах газраас жирэмсэн эмэгтэйчүүдийг Латин Америк болон Карибын нийт 22 оронд аялахаас татгалзахыг сануулж байгаа юм.
Баримт 24. Манай улс Бразил руу визгүй зорчдог болсон. Тэгвэл онцын шалтгаангүй бол уг улс руу зорчихгүй байхыг албаны газраас анхааруулж эхлээд байна.
24tsag.mn