Нэгэн үе зургаан залуу заан хоорондоо ана мана өрсөлдөж, бөхийн ертөнцийг доргиож байлаа. Одоо бөхийн хорхойтнууд тэдний гайхамшигт өрсөлдөөнийг дурсан ярьж, үгүйлж байдаг. Гэхдээ одоо тэднийг залгах нэгэн үе хүч түрэн гарч ирж, эхнээсээ цолоо ахиулах боллоо. Энэхүү шинэ үеийн төлөөлөл болсон бөхчүүдийн нэг нь улсын харцага Цэдэвийн Содномдорж юм. Энэ жил 30 нас хүрсэн түүнийг бөхийн хорхойтнууд илүү дээшээ барилдаж, том цол авах бөх хэмээн үнэлсээр ирсэн билээ. Ингээд түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Цэдэвийн Содномдорж 1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Энэ жил 30 настай.
Баримт 2. Тэрбээр арван хүүхэдтэй айлын найм дахь нь. Дээрээ таван эгч, хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй.
Баримт 3. Түүний аав залуудаа барилдаж ноцолдож явсан ба сумын заан цолтой хүн байдаг байна. Түүний том ах ч мөн сумын заан цолтой хүн аж.
Баримт 4. Тэрбээр багаасаа бөх барилддаг хүмүүсийн хүрээлэлд өсчээ. Харин 2003 оноос яг бөхийн бэлтгэлээ тасралтгүй хийж эхэлсэн байна.
Баримт 5. Түүний бөхийн замд татан оруулсан хүн бол Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөр. Тэрбээр заан Мөнхтөрийн ажиллуулдаг “Монгол газар” спорт клубт хичээллэдэг байжээ.
Баримт 6. Ц.Содномдорж 1999 оны хавар аав, ээж, дүү нартайгаа хотод ирж суурьшжээ. Түүнээс өмнө Хөвсгөлд амьдарч байсан нь мэдээж.
Баримт 7. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртэж байжээ.
Баримт 8. 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Б.Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр зургаан даван харцага цолны болзол хангасан.
Баримт 9. Одоо улсын харцага цолтойгоор барилдаж байна.
Баримт 10. Түүнийг бие галбир сайхантай, уран гоё барилдаантай олны хүндлэл хүлээсэн бөх гэж хүмүүс ярьдаг.
Баримт 11. Жингээ нэмэхгүй бас хасахгүй байх бодолтой.
Баримт 12. Бөхийн спортоос гадна фитнессээр хичээллэдэг.
Баримт 13. “Монос” группийн бөх гэж цоллуулдаг.
Баримт 14. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд нь энэ жил 9 настай. Түүний эхнэр Ховд аймгийнх. Тэд 2005 онд анх танилцаж байжээ.
Баримт 15. Хүндэлдэг бөх арслан Д.Ганхуяг. Тэрбээр Д.Ганхуяг арслангийн тухай “Бөхийн дэвжээн дээр ч, амьдрал дээр ч биеэ маш сайхан авч явж, залууст үлгэр дууриал үзүүлж чаддаг” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Баримт 16. Бөхчүүдийн найрааний талаар түүнээс асуухад “Надад тэгж найрч налигнаж цолоо ахиулах сонирхол огт төрдөггүй” гэжээ.
Баримт 17: Х.Мөнхбаатар арслан Д.Ганхуяг харцага, А.Сүхбат аварга нараас яаж барилдах талаараа зөвлөгөө авдаг байна.
Баримт 18: Олимпийн аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цолны наадамд Ц.Содномдорж түрүүлсэн билээ.
Баримт 19: Нэг хэсэг түүнийг МУГЖ, УДБЭТ-ын дуучин Ө.Уянгатай холбон бичдэг байсан. Тэднийг амрагийн холбоотой байсан гэж хэвлэлүүд бичдэг ч тэд үүнийг эрс үгүйсгэсэн юм.
Баримт 20: Тэрбээр хамгийн сүүлд Баянзүрх хайрханы хишиг барилдаанд түрүүлээд байна. Тус барилдаан энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болсон билээ.
Баримт 21: Хөвсгөлийн хүчтэн дэвжээнд харъяалагддаг.
Баримт 22: Тэрбээр Хөвсгөл аймгийн наадамд гурван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэжээ.
Баримт 23: Гурван аваргын нутаг гэгдэх Хөвсгөл аймаг бөх сайтайгаараа алдартай. Уялган голын гурван аварга
Д.Дамдин, Г.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нарын хойчийг залгамжилсан олон хүчтэн сүүлийн жилүүдэд тус аймгаас төрөн гарч буй. Тэдний нэгийг Ц.Содномдорж гэж хөвсгөлчүүд ярьдаг.
Баримт 24: Тэгвэл тэрбээр энэ жил анх удаа сар шинийн барилдаанд түрүүлж, амжилтынхаа тоог нэмлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)