УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2016.02.04/-ийн хуралдаан хуваарь ёсоор 09.00 цагт хуралдах ёстой ч 130 минутаар хоцорч эхэллээ. Чуулганы танхимд одоогийн байдлаар Ардчилсан намын бүлгийн 35 гишүүнээс 34, Ардын намын бүлгийн 26 гишүүнээс 19, “Шударга ёс” эвслийн бүлгээс 11 гишүүнээс 10, ИЗНН-аас нэг, мөн бие даагч хоёр гишүүн байна. Ардын намын гишүүд чуулганы танхимд орж ирэлгүй хоёр цаг хүлээлгэсний эцэст нэгэнт ирц бүрдэж, чуулган эхэлсэн хойно танхимд орж ирцгээв. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын жагсаалтаас 37 асуудал үлдээд байгаа тул үлдэж буй богино хугацаанд шахан хэлэлцэж, амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж хуралдана гэдгийг УИХ-ын дарга хэдийнэ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн гишүүд бүтэн хоёр цагаар ажил саатуулж байгааг УИХ-ын дарга хуралдааны эхэнд зэмлээд авав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахыг хүслээ. УИХ-ын даргын зүгээс тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч гурав хоногийн завсарлага өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт завсарлага авах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга тогтоодоггүй. Хоёрдугаарт, Цэц хуралдаж шийдвэрээ гаргах ёстой, энэ асуудлаар хуралдаагүй. Гуравдугаарт, УИХ анх илгээсэн байгууллагын саналаар асуудлыг хэлэлцэх ёстой. Улсын Дээд Шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаж санал ирүүлэх ёстой ч ийм хурал болоогүй. Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч тайлбар ирүүлсэн ч “Санал байхгүй” гэсэн бичиг ирүүлсэн байгаа. Мөн Хуульчдын холбоо, улс төрийн намууд УИХ-ыг хууль зөрчиж энэ асуудлыг шийдвэрлэхгүй байхыг сануулж уриалга гаргасан байна. Тийм учраас Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ байдлаас гарах ямар боломж байна гэдгийг намын бүлгүүд зөвшилцөх шаардлага байна” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ