УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэдийгээр хуралдаан 9:00 цагт товлогдсон ч МАН-ынхан ирцээр бойкотолж, бүтэн хоёр цаг хүлээлгэсэн юм. Улмаар АН-ынхан ирцээ бүрдүүлснээр чуулганы хуралдаан эхэлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр, маргааш хоёр өдөр нийт 33 асуудал хэлэлцэнэ. УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа “Ийм олон асуудал байхад МАН-ынхан бүтэн хоёр цаг хуралдааныг саатууллаа. Энэ нь хоёрдугаар сарын 15-наас чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэх нөхцөл болж байгааг албан ёсоор мэдэгдье” гэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт асуудлыг хойшлуулах хүсэлт тавьсан. Улмаар УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын бүлэгт нэмэлт гурав хоногийн завсарлага өглөө. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг цагаан сарын дараах чуулганаар хэлэлцэхээр болж байна.