УИХ-аар Сонгуулийн хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан. Харин өмнөх долоо хоногт Сонгуулийг тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай болон УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд техник, хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг баталсан. Иргэд сонгуулийн хуулийг хэрхэн, яаж өөрчлөгдсөн болон ямар хууль, журмаар явагдах эсэх талаар мэдээлэлгүй байна. Ингээд энэ тухай багц мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 29-ны өдөр болно.
Баримт 2. Сонгуулийн сурталчилгаа тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлнэ.
Баримт 3. Эхний сонгуулийг гадаадад амьдарч буй монголчуудаас эхлүүлнэ. Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07.00-22.00 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07.00-22.00 цаг хүртэл тус, тус авна.
Баримт 4. УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос шууд сонгодог, 28-ыг намын жагсаалтаар сонгодог хуучин системээр сонгууль явагдана.
Баримт 5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль 100 хувь олонхийн сонгуулиар буюу мажоритар тогтолцоогоор явагдах юм.
Баримт 6. Сонгуулийн саналыг санал тоолох автомат машин буюу “Хар машин”-аар тоолно.
Баримт 7. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, дипломат төлөөлөгчдийн дэргэд ажиллах салбар комисууд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллана.
Баримт 8. Сонгуулийн хэсгийн хорооны мэдээллийг байгуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагын аймаг, нийслэл дэх салбар нэгжид хүргүүлнэ.
Баримт 9. Сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийг УИХ товлон зарлана.
Баримт 10. Орон нутгийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тус, тус Хурлын сонгуулийн тойрогт ногдох мандатын тоог тогтоож, санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
Баримт 11. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсан бол энэ удаа СЕХ бүртгэж үнэмлэх олгоно. Зургадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна.
Баримт 12. Дээд шүүхэд 24 нам бүртгэгдсэн. Тиймээс энэ сонгуулиар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх магадлалтай гэж СЕХ үзэж байна.
Баримт 13. НИТХ-ын тэргүүлэгчид 45 мандаттайгаар 45 тойрог байгуулна.
Баримт 14. Монгол улс даяар УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 3000 нэр дэвшигч нэр дэвшинэ.
Баримт 15. Сонгуулийн хуулийн 83.7 дугаар заалтад “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизийн сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэжээ.
Баримт 16. Нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар гаргасан мэдээ нь хоногт таван минутаас хэтрэхийг хориглоно.
Баримт 17. Арилжааны телевизүүд өдөрт дээд тал нь нэг цагийн эфирийг сурталчилгаанд зарцуулна.
Баримт 18. Уг хуулийн 71.12-т “Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно” гэж заажээ.
Баримт 19. Хуулийн 71.7-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулахыг хориглоно” гэжээ. .
Баримт 20. Зам дагуух гэрлийн шонгууд дээр нэр дэвшигчдийн зурагт хуудсыг үнэ төлбөргүй байршуулна.
Баримт 21. Хуулийн 71.1., 71.7-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэжээ. Гүтгэсэн, худал мэдээлэл цацвал тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэсэн заалт сонгуулийн шинэ хуулинд оржээ.
Баримт 22. Нэр дэвшигч уулзалт, сонин, телевизийн сурталчилгааг 24 цагийн өмнө зогсоосон байна. Хуулийн 83.7 дугаар заалтад “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизийн сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэжээ.
Баримт 23. Сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалдан үзсэний дунд аудитын байгууллагаас тогтооно.
Баримт 24. Шинэ хуулиар төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний төрийн орон нутгийн өмчит компанийн удирдлагуудын хувьд сонгуулиас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)