УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгуулахаар өнгөрөгч 12 дугаар сарын 23-нд АТГ-т хүсэлт гаргасан. Харин АТГ-аас Н.Золжаргалыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Тиймээс Г.Уянга гишүүн өнөөдөр өөрийн хүсэлтээр АТГ-т байцаалт өгчээ. Г.Уянга гишүүн Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын газрын дарга нартаа тараасан мөнгөний баримтыг дэлгэсэн. Үүний дараа Н.Золжаргал ерөнхийлөгч Ш.Чулуунбаатар гэх Монгол банкинд ажилладаг залууг мэдээлэл гадагшлуулсан гэх үндэслэлээр ажлаас нь халж эрүүгийн цагдаагийн газарт шалгуулсан байдаг билээ. Өөрөөр хэлбэл, Г.Уянгад мэдээлэл өгсөн гэж буруутгасан гэдэг.
Харин Г.Уянга гишүүн энэ талаар "Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 3,7 тэрбум төгрөгийг захирал зөвлөхүүддээ тараасан баримтыг АТГ шалгаад хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Н.Золжаргалыг АТГ хамгаалсан, харин Н.Золжаргал оронд нь миний огт танихгүй гэмгүй залууг бүтэн жилийн турш эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж тамлаж байгаа юм байна. Би өөрөө хүсэлт гарган байцаалт өглөө. Н.Золжаргал тэрбум тэрбумаар төсвийн хөрөнгийг тараахад АТГ хамгаалаад, харин байрны зээлтэй, ээжтэйгээ 2уулаа амьдардаг залуу амьдралаараа хохироод явж байна. 25 жил байгуулсан нийгмийн үнэн төрхийг харуулсан ганц л жишээ!" гэж өөрийн цахим хуудсаар мэдээлсэн байна.
АТГ-аас Г.Уянга гишүүнд дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурорт гомдол гаргах эрхтэй гэдгийг нь мөн сануулжээ.
Сэтгэгдэл (7)