УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын нэр бүхий 10 гишүүний өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс байнгын хороод тогтоолын төсөлд тусгагдсан өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлуудыг хэлэлцэх санал гаргасны дагуу энэ асуудлын талаарх байнгын хороодын санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Д.Бат-Эрдэнэ нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.