Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, сонгуулийн тойрог, мандатын талаар хэлэлцлээ. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг эцэслэн шийдвэрлэх сүүлийн хугацаа өнөөдөр тохиож байгаа юм. НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн мандатыг нэмэх саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлыг хэлэлцэж дэмжээд УИХ-д оруулж ирсний дагуу хэлэлцэж байгаа нь энэ юм. Үүгээр Нийслэл Улаанбаатар хотын мандатын тоо нэмэгдэж, хөдөөний мандатын тоо цөөрөх юм. Тэгвэл уг асуудлыг дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаад дэмжсэнгүй.
Тодруулбал, дээрх төсөлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унаад байна. Тодруулбал, Дорнод, Хэнтий, Завхан, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр бууруулах санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Мөн дээрх саналтай холбогдож нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх санал унав. Хан-Уул дүүрэгт Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог болгох санал унасан юм. Түүнчлэн Дундговь, Говьсүмбэр аймаг нэг мандаттай байх санал унаад байна.
Одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, сонгуулийн тойрог, мандатын асуудлыг шийднэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)