Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг,
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл,
- Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр,
- Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.
Тэднийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой хэмээн үзсэн байна.
Мөн энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд нарыг тус тус эгүүлэн татах саналаа илэрхийлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Эгүүлэн татаж буй Элчин сайд нарын ажлыг хэрхэн дүгнэж байгаа, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, уламжлалт харилцаатай улс орнуудтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргах, дипломат албаны томилгоо ямар шалгууртай байдаг, дипломат ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн халамжийн асуудалд анхаарах, гадаадад боловсон хүчин оновчтой бэлтгэх түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажиллах боловсон хүчин сургах зэрэгт Улсын Их Хурлын гишүүд тэдний анхаарлыг хандууллаа.
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн захиасыг хэрэгжүүлж ажиллахыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүслээ.
Үүний дараа гишүүд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны саналаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.