МАН-ын бүлгийн дарга М.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Нэгдсэн Орос намын урилгаар Оросын холбооны улсад айлчлаад ирсэн байна. Уг айлчлалын үеэр ОХУ-ын Думын хаврын чуулганы нээлт болсон бөгөөд тус хуралдаанд М.Энхболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Мөн уг хуралдаанаар Монголросцветмет компанийн ОХУ-аас авсан 174.2 сая долларын өрийг тэглэх үү эсвэл эргүүлэн төлүүлэх үү гэдэг асуудлыг хэлэлцжээ. Ингээд Төрийн Думын гишүүдийн санал хураалт явагдахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь 174.2 сая долларын өрийн 97.5 хувийг тэглэхийг дэмжсэн байна. Харин үлдэгдэл 2.2 хувь буюу 3.8 сая долларыг Монголын тал 30 хоногийн дотор ОХУ-д эргүүлэн төлөх ёстой гэж үзжээ.
Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд “Монголын төлөөлөгчдийг Думын хуралдаанд оролцуулснаар санал хураахад нь хамт байсан. 2010 онд одоогийн Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой Монголросцветметийн төлбөрийг их өрийг уламжлалт харилцааны дагуу шийдвэрлэхээр тохирсон. Үүний дагуу Төрийн Думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Манай хоёр орны өрийн асуудлыг шийдсэнээр бизнесийн орчин нөхцөл сайжирна гэж бид харж байна” гэлээ.
Хэвлэлийн хурлын үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Өрийг тэглэхдээ ямар нэгэн болзол тавьсан уу?
-2010 онд хоёр ерөнхий сайдын хэлэлцээрийн дагуу их өрийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 ногдох 3.8 сая ам.долларыг 30 хонгоийн дотро баргдуулахаар болсон. Үлдэж буй 97.5 хувийг шууд тэглэсэн.
-Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын их өр гэгдээд байгаа зүйлийг их өр биш гэж мэдээлсэн. ОХУ их өр гэж үзэж байгаа болов уу?
-2002 оноос эхлээд их өрийг тэглэх тухай асуудал хоёр засгийн газрын ажлын хэсгүүд байгуулагдаж ажилласан. Энэхүү ажлын хэсгийн хүрээнд Монголросцветмет нэгдлийн авсан энэ өр байсан. Тэгэхээр нь энэ бол их өрийн бүрэлдэхүүн хэсэгт байгаа гэж ажлын хэсэгт байсан хүмүүс ч энэ талаар ярьдаг. Яг их өрийг шийдвэрлэх төгсгөлийн шатанд очиход Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн авсан өрийн авлага, өрийн тооцоог эцэслэн шийдээд шийдэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байтал Монголросцветмет нэгдлийн тооцоо эцсийн шийдвэр гарах цаг үед бэлэн болоогүй байсан тул их өрөөс “сугарч” үлдсэн юм билээ. Энэ бол яахын аргагүй их өрийн бүрэлдэхүүнд орж байсан зүйл юм.
-3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх боломж бий юу?
-Боломж байсан ч байгаагүй ч энэхүү өрийг төлөхөөс өөр аргагүй. Эдийн засаг ямар ч хүнд байсан энэхүү тооцоог эцэслэх ёстой.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)