УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. УИХ-аас Сонгуулийн хуулийг баталсантай холбоотойгоор нэр бүхий гишүүд дээрх төслийг мэдүүлжээ. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг сонгуулийн хуульд нийцүүлж буй зохицуулалт аж. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгсөн байх.
Төрийн жинхэнэ албан хаагч сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байхаар тус тус тусгажээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 77.9 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.