Анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, 3 сая хүртэлх төгрөгийг буцаан авах боломжтой болоод нэлээд олон жил буй.
Тэгвэл энэ онд татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 4-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шаардлагатай материалуудаа бүрдүүлэн харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өгч, цахимаар тайлангаа явуулах ёстой аж. Иргэд хуулиар олгосон энэхүү хөнгөлтийг хэрхэн эдлэх, ямар бичиг баримтаар буцаан олголтоо авах талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлнө гэж заасан.
2. Хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгний татвар төлсөн байна гэдгээс хамаараад 3 сая төгрөг хүртэлх мөнгийг авах боломжтой юм.
3. Энэ жилээс эхлэн татварын буцаан олголтыг цахим бүртгэлээр бүртгэж эхлэв.
4. Татвар төлөгч цахим тайландаа шаардлагатай мэдээллийг оруулна. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлс хэсэгт цалингийн дүн, суутгасан татварын хэсэгт дүнг нь оруулчихвал автоматаар өөрөө бодогдоод гараад ирэх аж.
5. Татвар төлөгч харьяа дүүргийнхээ татварын хэлтсээс цахим бүртгэлийн нууц үгээ авна.
6. Анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол татварын цэнхэр дэвтрээ авахдаа нууц үгээ авч болох аж.
7. Харин нууц үгээ авсаныхаа дараа цахим бүртгэлдээ тайлангаа шивэж хэвлээд, бүрдүүлэх материалтайгаа хамт дүүргийн татварын хэлтэст авч очиж бүртгүүлнэ.
8. Цэнхэр дэвтрээ авахдаа татварын албан дээрээ хорооны тодорхойлолт, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбарын хамт авч очих ёстой юм байна.
9. Татвар төлөгч тухайн материалыг эх хувьтай нь хамт аваад очиж байгаа тохиолдолд заавал хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй гэнэ.
10. Хөнгөлөлт эдлэх иргэний материал нь бүрэн тохиолдолд тухайн хүн өөрийн биеэр татварын хэлтэст ирэхгүйгээр материалаа шуудангаар явуулах боломжтой аж.
11. Бусдын нэр дээр байгаа үл хөндлөх хөрөнгийг худалдаж авсан тохиолдолд заавал хоёр хувийн албан татварын баримт шаардана. Дүүргийн татварын алба, эсвэл татвар төлсөн банкнаас шүүлгэж авна.
12. Орон сууц захиалан бариулсан, өөрөө орон сууц, байшингаа барьсан тохиолдолд энэ баримт шаардлагагүй. Татвар төлөгч орлогоо заавал нотлох үүрэгтэй учраас заавал баримт шаарддаг байна.
13. Хоёр хувийн татварыг буруу төлсөн бол нөхөн төлж болно.
14. Хөнгөлөлт эдлэх иргэн 3 сая төгрөгөө бүрэн аваагүй байхдаа байраа зарсан тохиолдолд үргэлжлүүлж татварын хөнгөлөлтөө эдлэх боломжгүй аж.
15. Энэхүү хөнгөлөлтийг тухайн иргэний өөрийн нэр дээр байх тохиолдолд л эдлэх боломжтой. Харин иргэн татварын хөнгөлөлтөө эдэлж байгаад дунд нь завсарласан бол дараагийн жилээс хөнгөлөлтөө эдлэх боломжтой.
16. Гэр бүлийн гишүүд энэхүү хөнгөлөлтийг хоёулаа эдлэх боломжтой юм байна. Тухайлбал эхний байран дээр эхнэр хөнгөлөлт эдэлсэн бол дараагийн байранд нөхөр нь хөнгөлөлт эдлэх боломжтой аж.
17. Татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2010 оноос хойш гарсан бол энэ жил амжиж тайлангаа өгч хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм байна.
18. Орон сууцны болон сургалтын татварын хөнгөлөлтийг зэрэг эдлэх эрхтэй.
19. Хөдөө орон нутагт амьдарч байхдаа хөнгөлөлт эдэлж байсан иргэд тухайн шилжиж ирсэн газраа татвар төлөгчөөр бүртгүүлээд үлдсэн мөнгөө авч болно.
20. Хувьдаа орон сууц, хаус барьсан тохиолдолд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх ёстой аж. Харин захиалгын гэрээгээр байр захиалсан тохиолдолд үнэлгээний тайлан шаардахгүй юм байна.
21. Анх удаа орон сууцны хөнгөлөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэд 12 төрлийн бичиг баримтыг бүрдүүлнэ. Хоёр дахь жилээс эхлэн 5-6 төрлийн бичиг баримт бүрдүүлнэ.
22. Бичгээр гаргасан хүсэлт хоёр хувь, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар ба зээл авсан этгээдээс мөнгө шилжүүлсэн баримт, захиалгын болон худалдах худалдан авах гэрээ, байранд төлсөн мөнгөний баримт, хөрөнгийн үнэлгээний тайлан, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт төлсөн баримт, татварын бүртгэлийн дэвтэр буюу татварын цэнхэр дэвтэр, ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, орлого нотлох бусад баримт зэргийг бүрдүүлэх ёстой.
23. Хөнгөлөлт эдлэх гэж байгаа хүн баталгаажуулах баримтаа бүрдүүлж өгсний дараагаар татварын алба баталгаажуулна. Татварын алба баримтыг үндэслээд баталгаажуулах шалгалт хийгээд нотлогдож байвал төрийн сангаас таны данс руу эхний хагас жилд багтаан мөнгийг шилжүүлнэ.
24. Иргэд хувьдаа орон сууц барьсан тохиолдолд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн байх ёстой. Хэрэв иргэн хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй бол хувийн орон сууц барихад зарцуулсан материалын баримтыг авч ирж болох юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)