Энэ өдрүүдэд 2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байна. Засгийн газар, Сангийн яамнынхан өөрсдийн өргөн барьсан төсвийн төсөөллийг "Хөрсөн дээр буусан сайн төсөв болсон" гэж байгаа ч УИХ-ын гишүүд "Сонгууль үнэртсэн, тооцоо судалгаагүй төсөв оруулж ирлээ" гэж шүүмжлээд байгаа. Энэ ч утгаараа энэ оны төсвийн тодотгол ирэх оны төсвийн төсөл батлагдахгүй, олон долоо хоног дарааллан хэлэлцэгдэж байгаа юм.
Дээрхээс гадна ирэх оны төсөвт тусгагдаад буй цалин хасч, ажлын байрыг цомхотгох асуудал нь УИХ-ын дийлэнх гишүүд болоод иргэд, олон нийтийн дургүйцэлтэй тулгараад байна. Уг асуудлаас болж МҮЭ-ээс жагсахаа мэдэгдэж, УИХ дахь сөрөг хүчнийхэн удаа дараа хатуухан мэдэгдлийг хийсэн юм.
Олон нийтийн анхаарлыг татсан уг асуудал УИХ-аар хараахан эцэслэн шийдэгдээгүй ч бараг энэ хэвээрээ батлагдаж мэдэхээр байгааг зарим гишүүд онцолсон. Сангийн сайд Б.Болор “Сонгуулийн өмнөх жил маш зоригтой төсөв оруулж ирсэн. Өмнө нь сонгуулийн өмнөх жил төсвөө 2-3 дахин нэмж оруулж ирдэг байсан. Сүүлийн жилүүдэд улсын төсвийг алдагдалтай боловсруулан өргөн барьдаг байсан. Харин бид 2016 оны төсвийг таналттай, хасалттай, хэмнэлттэй өргөн барьсан. Төсвийн дараа дараагийн жилүүдийн бодлогыг зөв болгох төслийг өргөн барьсан. Харамсалтай нь одоо өргөн барьсан төсөв өөрчлөгдөн батлагдахаар задарч байна. Гишүүд улс төрийн популизм их хийж байна. Улстөрчид данхар бүтцээ багасга гэчихээд цомхотгоод оруулаад ирэхээр иргэдийг ажилгүй болголоо гэж шүүмжилж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо маш их хэмжээгээр нэмэгдсэн. Албан байгууллагуудын төсөв 4-20 дахин өссөн байна. Бид үүн дээр 10-хан хувийн хэмнэлт хийе гэхэд асуудал дэгдэж байна. Нэг байгууллагын зардал сүүлийн 10 жилийн хугацаанд 10 дахин өссөн байна. УИХ төсөв батлах үүрэгтэй. Ямартай ч Засгийн газрын анх өргөн барьсанаас өөрчлөгдөж батлагдах юм шиг байна” хэмээн төслөө "өмөөрсөн" тодруулгыг удаа дараа хийсэн.
УИХ-ын дарга З.Энхболд ч мөн цалинг 10 хувиар хасахад болохгүй зүйл үгүй гэж хэмээн ам нээсэн нь даарин дээр давс гэгч болоод буй бололтой. Харин тэдний нөгөө талд МАН-ынхан болоод иргэд зогсчээ. Ингэх учир шалтгаан хангалттай бий.
Тэгвэл АН-д төсвийг "бүсийг нь тасартал" чангалан барьж, батлуулах болсон шалтгаан мэдээж бий. Үүнийг янз бүрээр тайлбарлаж болох ч хамгийн бодитой нь нөгөө л фракцийн эрх ашиг, эрх мэдлийн төлөөх зодоон. "Эрүүлээр" сэтгэхэд Засгийн эрхийг барьж буй нам хэзээ ч олон хүнийг ажилгүй болгох, тэр тусмаа 30 гаруй мянган хүнийг хоолноос нь салгах төсөв боловсруулахгүй. Нэн ялангуяа сонгууль болохоос долоохон сарын өмнө танасан, багасгасан, ажилгүй болгосон төсвийг яагаад ч оруулж ирэхгүй байх нь улс төрийн бодлого байх ёстой.
Гэтэл АН-ынхан энэ жил төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар танаж, 30 мянган хүнийг ажилгүй болгож, чиг үүргийн байгууллагуудыг нэгтгэх төсөв өргөн барьсан нь холоос шидсэн чулуунд оногдсон гэж тайлбарлах нь ч байна. Товчхондоо улс төрийн зорилготой "Тусгай ажиллагаа" ч гэж харж байна. Өөрөөр хэлбэл АН-ын дарга З.Энхболдыг айсуй 2016 оны сонгуульд ялуулахгүй гэсэн АН доторх фракцуудын явуулга гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм. Энэ нь ч үнэний ортой байж мэдэх юм. Учир нь өдгөө хүчтэй сөрөг хүчин болоод байгаа МАН-ынхан өлгөн авч "АН Засгийн эрхийг барьчихаад төсвөө танаж, 30 гаруй мянган хүнийг ажилгүй болгож байна" хэмээн сөрөг сурталчилгааг дээд цэгт нь хүртэл хийж байгаа. Бараг л цаашид "АН-д итгэл үзүүлж, төрийн эрхийг бариулах нь хэрэггүй гэдгийг харж байгаа биз дээ" гэх ухааны юм ярьж байгааг бид сонсож байна. Ер нь улс төрийн пи ар-аас харахад айсуй сонгуульд хэн түрүүлэх нь тодроод ч байгаа шиг.
Иргэд, олон нийтийн хувьд өөрсдийнх нь амьжиргааны эх үүсвэрээс хумсалж, гудамжинд гаргасан намыг дахин сонгох нь юу л бол. Ер нь зовж зовж авчирсан ялалтаа сөрөг хүчний хорон явуулгатай нийлээд баллуурдчихаж байгаа юм биш биз гэдгийг эрх биш эргэцүүлдэг баймаар. Уш нь АН ч үүнийг мэдэж байгаа л даа. Тийм байтал "Ийм төсөв батлуулахаар зүтгэж буй нь З.Энхболдыг ирэх сонгуулиар намнах гэсэн төлөвлөгөө ч байж мэднэ" гэх бор шувуу үнэнийг жиргэчих шиг боллоо.
Учир нь З.Энхболд АН-ын дарга. Ирэх сонгуульд намаа авч орно. Харин тэр намаа ялуулж чадахгүй бол нэр хүнд нь шалдаа унана. Тэгэхээр юун Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болох амбиц, хэн ч биш болно. Одоо ч түүний нэр хүнд нь унаад байгаа. Өөрийнхөө намын Засгийн газрыг унагаж өөрөө эрх мэдэлд хүрэхийн төлөө хийж буй түүний үйлдлүүд иргэдийн дунд нэр хүндийг нь унагаж орхисон юм.
Тэгэхээр АН-аар дамжуулж З.Энхболдыг зайлуулах төлөвлөгөөг Төсвийн төсөлтэй хамт өргөн барьжээ гэж хэлж болохоор байгаа биз.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)