УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Гэвч АН-ын гишүүд, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд болон ажил хариуцсан албан тушаалтнууд хуралдаанд суухгүй байгаа нь цөөнхийн хатуу эсэргүүцэлтэй тулгарлаа.
Тодруулбал, Засгийн газрын сайд нарын ирц хангалтгүй, хуульд зааснаар 39 гишүүн оролцож байж ирц 50 хувьд хүрэх ёстой ч 32 гишүүнтэй байна.
Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гишүүдийг хуралдаа орж ирэхийг шаардсаар байгаа юм.
Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "АН-ынхан нойроо дийл" гэж эгдүүцлээ илэрхийлсэн бол УИХ-дахь сөрөг хүчний удирдагч С.Бямбацогт "Үндсэн хуулийн 25.1-т заасны дагуу УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд улсын төсвийг хэлэлцэн баталдаг. Төсөв маань төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулиуд гэсэн бүрдэлтэй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 25.1.4-т зааснаар улсын төсвийг хэлэлцэж байхад Төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагч Ерөнхий сайд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллага, сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ байх ёстой. Бид өчигдөр төсвийн хүрээний мэдэгдлийг хоёрхон сайдтай баталсан. Сайд нар нь алга, Ардчилсан намын гишүүд маань алга. За яахав дээ гээд л явсан. Бид сөрөг хүчин байж та бүхний өмнөөс ирцээ бүрдүүлээд ачааг чинь үүрээд төсвийн хүрээний мэдэгдлээ батлаад явсан. Өнөөдөр дахиад тэгэх юм уу? Бид сөрөг хүчин байж яагаад та бүхний ачааг үүрэх ёстой юм. Гишүүдээ хуралдаа оролцуул, сайд нараа хуралдаанд оролцуул. Ирцгүй хуралдаж байна. Үндсэн хууль зөрчигдөж байна. Тийм учраас МАН-ын гишүүд бид энэ хуралдаанд оролцохгүй. 31 гишүүнтэй хуралдаад явбал Үндсэн хууль зөрчигдөнө шүү. Эрх баригчид ирцээ бүрдүүлэхгүй бол МАН-ын гишүүд хуралд оролцохгүй. Ачаагаа үүрсэн шиг үүр, ажлаа хийсэн шиг хий" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Танхимд сууж байгаа гишүүдийн тоо 32 байна, ирцгүйгээр улсын төсөв хэлэлцдэг юм уу. Р.Гончигдорж дарга та УИХ-ын гишүүдийн эрхэнд халдаж юу асуух, юу асуухгүйг заагаад байх юм. Засгийн газарт улсын төсөв хэрэггүй юм уу, үгүй юм уу. Гишүүд чинь Балжинням, Дашнямтай өдөр гээд хуриманд явчихсан юм уу.
Яг одоо Төсвийн тодотголтой холбоотойгоор гишүүд асуулт асууж Сангийн сайд Б.Болор болон Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
Т.Энхэлээ