УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж эхэлсэн ч "Шударга ёс" эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.
Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан. Тэрбээр "Өмнө нь бид Өршөөл үзүүлэх хуулийг хаалттай горимоор хэлэлцэж байсан. Урд урьдын хуулийг ч гэсэн хаалттай хэлэлцэж байсан. Харин бид хоригийг нээлттэй хэлэлцэж байсан. Өнөөдөр бид өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа учир урдын өршөөлийн хууль руу эргээд орлоо гэсэн үг. Энэ асуудлыг нийгмээрээ ярилцаад байх нь зохиожгүй. Эрүүгийн нөхцөл байдал болон өмнө нь ял эдэлж байсан хүмүүсийг бодоод ч гэсэн хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал оруулж байна" гэсэн боловч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Ц.Цолмон гишүүнийг горимын саналаа татаж авахыг хүслээ. Тэрбээр "Энэ хуулийн нэг нээгээд л, нэг хаагаад л хууль тогтоогчдод итгэх итгэлийг үгүй болгож байна" гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өршөөлийн хуулийн хоригтой холбоотой асуудлын эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна. Үүнийг хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Тэртээ, тэргүй хориг хүлээж авах нь нээлттэй, хориг хүлээж авсантай холбогдуулаад байнгын хороонд ямар зүйл заалтыг нь авах уу, ямар зүйл заалтыг нь өршөөх үү, өршөөхгүй явах уу гэдэг асуудлууд нээлттэй яваад өнөөдөр Монгол Улс даяараа энэ өршөөгдөх, өршөөгдөхгүй юм байна гэдгийг мэдчихсэн. Хаалттай явуулах ямар ч шаардлага байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Нэмэлт өөрчлөлтөөр авлигал албан тушаалтай холбоотой хэргүүдийг өршөөх үү, өршөөхгүй юу гэсэн асуудлыг ярина. Тийм учраас нээлттэй ярих ёстой" гэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Шударга ёс" эвслийн бүлэг уг хуулийн төслөөр 5 хоногийн завсарлага авахыг хүссэн юм. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тэдний хүсэлтийг хүлээн авч "Шударга ёс" эвслийн бүлэг 5 хоногийн завсарлага өгөв.
Ингэснээр уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)