УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын тавдугаарт Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ. Тэгэхээр энэ зунжин, намаржин улс төрийн мэтгэлцээн, маргааны гол сэдэв болсон уг хуулийн хувь заяаг өнөөдөр шийднэ гэсэн үг. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн Өршөөлийн хуульд хэн гэдэг гишүүн ямар санал өгөх нь олон нийтэд хүлээлт үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөх үү, эс өршөөх үү гэдэг нь УИХ-ын гишүүдийн саналаар шийдэгдэх гэж байна. Олон нийт албан тушаалын давуу байдлаа ашиглаж, авлига хээл хахуульд автсан хүмүүсийг өршөөхийг дэмжихгүй байгаа. Тиймээс сонгогдсон түшээдээ саналаа хэрхэн яаж өгөхийг чуулганы нээлттэй хуралдаанаас харахыг хүсч байгаа юм.
Гэвч улс төрчид өөрсдийн санал өгөх үйл явцыг нууцалж уг асуудлыг хаалттай хэлэлцүүлэхээр хөөцөлдөж байгаа сураг байна. Тэд яагаад ингэх болов. Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөж буйг нь ард түмэн харахаас айж байна уу. Тодруулбал, тэд хэн нь хэн бэ гэдгээ харуулахыг хүсэхгүй байгаа бололтой. Ямартай ч өнөөдөр Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Хуралдааны үйл явц хаашаа эргэхийг харж байя.
ТХулан