Өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын хуралдаанаар МАН-ын дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэдний оронд томилогдох хүмүүсийн нэрс аль хэдийн тодорхой болсон байна. Засгийн газарт хамтарч ажиллах АН болон “Шударга ёс” эвслийнхэн дэд сайдын суудлыг яг тэнцүү буюу гурав, гурваар хувааж авах тохироог хийжээ. Харин хоёр дэд сайдтай яам болох БСШУ-ны яамны нэг сайдын суудлыг ИЗНН-д өгөхөөр болсон байна
Тодруулбал,
- Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал Н.Мөнхдаш
- Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг
- Гадаад Харилцааны дэд сайдад АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Батцогт
-Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн Н.Удвал
- Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга Б.Цогтгэрэл
- Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж
- Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд сайдад Дорнод аймгийн АН-ын Д.Цэрэнчимэг нарыг намууд санал болгожээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “З.Энхболд АН-ын дүрмээр Гүйцэтгэх зөвлөлд 5 хүний нэр оруулснаас Д.Цэрэнчимэг, Н.Мөнхдаш, Ч.Батцогт нарыг дэд сайд болгох нь зүйтэй гэж шийдлээ” хэмээн жиргэжээ.
Тэгвэл АН-ын Гүйцтэгэх зөвлөлийн шийдвэрээр дэд сайдад нэр дэвших болсон хүмүүсийн хэн нь, хэн бэ гэдгийг 24tsag.mn онцолж байна.
Н.Мөнхдаш: Хүмүүс түүнийг улс төрч гэдгээс нь илүүтэй “Бурхан Халдун” группийн эзэн гэдгээр нь мэддэг. Архины сайн бизнесмэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч болох ч улс төрд бол хол явахааргүй нэгэн ч гэж ярьцгаадаг. Учир нь тэрбээр сайнаасаа илүү саараар нэрээ баастаж орхисон нөхөр. Тодруулбал, тэрбээр өөрийгөө гайхалтай дарамтлагч, зэрлэг, балмад гэдгийг илтгэх хэд, хэдэн хэргийг тарьсан нь хэвлэлийн шар хуудаснаа баллахааргүй тод мөр болж үлдсэн.
Монгол улсын манлай уяач гэх цолноос өөр сайнаар чимэх түүх хомс түүнийг улс төрд хошуу дүрснээсээ хойш намыг хагалган бутаргах ажилдаа илүү гаршсан гэдэг. Тэрбээр 2008 оны сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихдээ тус аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан О.Баярсайханыг арван залуугаар гэрийнх нь үүдэнд зодуулж танхайрсан. О.Баярсайханыг зодох болсон шалтгаан нь аймгийн сонгуулийн тойргийн хороонд өөрийнх нь хүмүүсийг ажиллуулаагүйгээс болсон гэдэг.
Асуудалд ингэж хөнгөн, хуумгай хандсаныхаа төлөө тэрбээр УИХ-д нэр дэвших эрхээ хасуулж, цагдаагийн хаалга татсан юм. Харин түүнд зодуулсан хүн сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаад гарсан байдаг. Үүний дараа тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдтой "би, чи"-дээ тулж байсан Дарханы АН-ын дарга Наранбаатарыг гэр бүлийнх нь хамтаар дарамталж байгаад баригдсан удаатай.
Түүний Наранбаатарыг утсаар дарамталж буй бичлэг олон нийтийн сүлжээ сайтад жинхэнэ сенсааци болж байлаа. Наранбаатарыг Н.Мөнхдашаар дарамтлуулах тушаалыг өгсөн хүнийг З.Энхболд байсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэлээр гарч байсныг батлан өдгөө алдарт "рекетчин" Шонхор фракциас дэд сайдын суудалд нэр дэвшлээ. Товчхондоо УИХ-ын дарга З.Энхболдын халаасны хүмүүсийн нэг юм.. Нэг хэсэг Дарханы АН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр сонгууль болгоноор намаа ялагдуулсан учраас оронд нь өөр хүнийг томилж байсан бас нэгэн түүх бий.
Д.Цэрэнчимэг: Дорнодын АН-ын дарга энэ бүсгүй бол жинхэнэ хагалан бутаргагч. Дорнодын АН-ын дарга болсноос хойш тус аймгийн АН-ынхан дотроо хэмлэлдэн, байнгын тэмцэл тулаан, жагсаал цуглаантай газар болж хувирсан төдийгүй цагдаагийн хаалга сахих дээрээ ч тулж байсан юм. Тодруулбал, тэрбээр тус аймгийн АН-ын даргаар сонгогдон очоод намыг хоёр хувааж улмаар хуучин партизануудтай таарахаа больж бөөн хэрүүл тарьж байв. АН-ын удирдлагууд түүнийг дарга хийж чадахгүй юм байна гээд хотоос УИХ-ын гишүүн Р.Бурмааг явуулан Дорнодын АН-ын дарга болгосон хэдий ч Д.Цэрэнчимэг бөөн хэрүүл болж тамгаа өгөхгүй гэж зүтгэж хөгөө хөлдөө чирч явсан түүхтэй. Намын гишүүд нь Чингэлтэй дүүргийн АН дарга байсан Д.Цэрэнчимэгээс намынхаа үндсэн тамга, сандал ширээнээс гадна өнгөрсөн сонгуулиудын санхүүгийн тайлан болоод олон зүйлээ авч, аудит оруулахаар идэвхтэй тэмцэл өрнүүлж ч байсан. Ийм нэг хэрүүл, тэмцэлтэй түүх түүнд их бий.
Ч.Батцогт: Тэрбээр Дархан-уул аймгийн Дархан сумын АН-ын даргаар ажиллаж байжээ. Тухайн үедээ намаа хагалган бутаргах ажлыг хийж яваад хүмүүсийн хэл, аманд өртөөд ирэхдээ аргагүйн эрхэнд Хөвсгөлийн АН-ын даргаар очсон гэдэг. Тэнд очоод ч мөн намаа хагалган бутаргаж хоёр хуваасан нөхөр. Үүнээс гадна Хөвсгөлийн АН-ынхан даргынхаа барааг цөөхөн хардаг хэмээдэг. Ёстой л нөгөө илүү тэнгэртэйдээ харагддаг чоно шиг нөхөр гэх. Учир нь Ч.Батцогт нь Америк, Монголын хооронд нүүдлийн шувуу шиг амьдардаг аж. Түүний гэр бүл нь АНУ-д амьдраад удаж байгаа аж. Тиймээс алсын Америкаас намаа удирддаг даргатай болсон Хөвсгөлийн гишүүд нь түүнийг хэзээ ирэхийг ч мэдэхгүй хүлээж суудаг бололтой. Сүүлийн хэдэн жил тус аймгийн АН-ын үйл ажиллагаа унтаа байдалтайгаар байсан гэж намынхан нь ярьж байна. Аргагүй шүү дээ. Намын дарга нь ажлаа мартаад алс холын Америкт зугаалж явахад.
Үүнээс үзвэл АН-ын гүйцэтгэх зөвлөл тэр дундаа З.Энхболд “Шонхор” фракцийнхаа хүмүүс дундаас ижил, зан авиртай хүмүүсийг дэд сайд болгохоор сугалсан бололтой. Дээрх гурван нэр дэвшигч хагалган, бутаргаж хэрүүл, тэмцэл хийдгээрээ тунчиг адилхан характер гаргадагаараа алдартай. Яг энэ зангаа яамныхаа ажилчдад гаргавл төрийн ажил юу болох нь тодорхой.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын албан тушаал, эрх мэдлийн төлөө өөрийнхөө намын Засгийн газрыг унагаасан тэрбээр одоо хоёрдахь удаагаа унагаахаар улайрч өөрийн гар, хөл бологсдоо Засгийн газарт шургуулж эхлээд байгаа нь энэ гэх. Товчхондоо "Ялсан намын дарга Ерөнхий сайд байна" гэсэн дүрмийнхээ заалтыг ягштал биелүүлэх зорилгыг өмнөө тавьж, намынхаа нэр хүндийг шавартай хутгасан нөхдүүдээр өөрийгөө тойрон хүрээлүүлж эхлээд байгаа нь энэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (47)