ОХУ барууны орнуудаас импортолдог хүнсний хоригоо зургаан сараар сунгаснаа зарлалаа. Энэ талаар Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд Европын холбоо Оросын эсрэг хоригийг дахин сунгасанд хариу барьж буй хэрэг хэмээн онцоллоо.
Тэрээр Засгийн газрыг Европын холбооны эсрэг хориг сунгасан тогтоолыг боловсруулж, Ерөнхийлөгч Владимир Путинд өргөн барихыг даалгасан байна.
Өчигдөр Европын холбооны гадаад хэргийн сайдууд уулзалдаж Оросын эсрэг эдийн засгийн хоригийг 2016 оны 1 сарын 31 хүртэл сунгасан билээ. Мөн энэхүү сунгалтыг хийхдээ Зүүн Украинд энх тайвныг авчрах Минскийн хэлэлцээр бүрэн гүйцэт биелтэл хэмээн заасан ирэх онд хоригийг дахин сунгах магадлалтай юм.
Энэхүү мэдээлэл олон улсад цацагдсаны дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоригийг хууль бус бөгөөд ул үндэслэлгүй хэмээн буруутгасан билээ. Харин орой нь Оросын Ерөнхий сайд хариу арга хэмжээ авснаа зарлалаа.
Түүнчлэн Оросын Аюулгүй байдлын зөвлөл ч мөн хориг сунгасныг буруутгасан байна. Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев хэвлэлд ярихдаа “АНУ дэлхийг эзлэхийг хүсч байна. Тэд Украинд юу болж байгаа талаар огтхон ч санаа зовоогүй. Тэдэнд зөвхөн Оросод шахалт үзүүлэх шалтаг хэрэгтэй болсон” хмээн ярьжээ.
ОХУ-ын импортлохыг хориглосон хүнсэнд жимс, хүнсний ногоо, мах, шувууны мах, загас, сүүн бүтээгдэхүүнүүд багтаж байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (11)