Олон улсад кибер халдлага гарах явдал ихэссэн. Тэгвэл өчигдөр хакерчид агаарын тээврийн үйлчилгээнд халдсанаар 1400 зорчигчийг “газардахад” хүргэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Хаанаас гэдэг нь тогтоогдоогүй кибер гэмт хэрэгтнүүд Польшийн Варшав хотод төвтэй “LOT” авиа компанийн компьютерүүдэд халдсанаар Варшаваас гадагшаа чиглэлд хийх нислэгийн төлөвлөгөөг гаргах боломжгүй болжээ. Ингэснээр Варшаваас хөөрөх олон улсын нислэгүүдийг хийх боломжгүй болсон байна.
“LOT” компанийн гүйцэтгэх захирал Себастьян Микосзийн мэдээлснээр Польшийн үндэсний авиа компани өчигдрийн 20 нислэгээ цуцалж, олон тооны нислэгүүдээ хойшлуулсан байна.
Харин одоо тус компани удирдлагыг гартаа авсан бөгөөд нислэгийн төлөвлөгөөг системийн дагуу гаргаж байгаа аж.
Ажиглагчид авиа компанид кибер халдлага гарах нь үйлчлүүлэгчдийг итгэл алдахад хүргэдэг бөгөөд үр нөлөө нь олон сая доллар бүхий эдийн засгийн алдагдал болж хүрдэг гэжээ.
Г.Үжин