"Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015" чуулган нь итгэлцлийг бий болгох, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах зорилготойгоор энэ сарын 19-нд болж өндөрлөсөн. Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн томоохон сэдвүүдийн нэг болох “Мега төсөл ба хөгжлийн явц” сэдвээр оролцогчид байр сууриа илэрхийлж цаашид хэрэгжүүлэх мега гэгдэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулагч нарт ямар боломж байгаа талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр онцлох илтгэл тавьсан оролцогчдын хэлсэн үгийг 24 баримтаар хүргэе.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан
1. “Оюутолгой” бол Монголд өрнөж буй томоохон мега төсөл бөгөөд цаашдын нөхцөл байдлыг тодорхойлогч төсөл юм.
2. Оюутолгойн тухайд Монгол Улсын зүгээс цаашдаа хоёрдахь үе шат буюу гүний уул, уурхайг ашиглах чиглэлээр ажиллаж байна.
3. Гүний уурхайд хүдрийн нөөцийнх нь 80 хувь байгаа.
4. Гүний уурхайн төслийг эхлүүлэхээр болсон нь зах зээл дээр эерэг мэдээллийг дагуулсан гэхэд болно.
5. Үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчийг татах, улмаар бизнесийн боломжуудийг ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулж үр шимийг нь хүртэхийн тулд хөрөнгө оруулагч нарт таниулах хэрэгтэй байна.
6. Манай улсын зүгээс компаниудтай хамтран ажиллахдаа эрхзүйн орчноо улам боловсронгуй болгох хэрэгтэй.
Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга С.Баярцогт
7. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Гацууртын тухай тогтоолын төсөл олонхийн дэмжлэг аваагүй. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэхгүй гэсэн үг биш.
8. Эрүүгийн хуулиа баталчихаад Эдийн засгийн ил тод байдлыг Эрүүгийн өршөөлийн тухай хуультай хамтран баталж чуулган завсарлахаас өмнө эдийн засгийг либералчилах, бизнес эрхлэж байгаа хүмүүст нэг удаа боломж олгоно.
9. Гацууртын ордыг эргэлтэд оруулж 70 тонн алтыг ашиглах асуудал нь төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлөх юм.
10. Рояалтигаар сольж болох асуудлыг Гацууртын ордод турших гэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагч нартай нэг л удаа ойлголцож асуудлыг бүрэн шийдэх боломж нээгдэнэ гэсэн үг.
11. “Тавантолгой” гэдэг бол тавантолгой л гэсэн үг шүү дээ.
12. Одоо бол Цанхи, Ухаа худаг гэсэн толгойг хөгжүүлэх төслийг өргөн бариад байгаа юм.
13. Засгийн газраас өргөн барьсан тогтоолоо татаж аваад шинээр таван толгойг тавууланг нь хөгжүүлэх тогтоолыг өргөн барихаар бэлдэж байна.
14. Тавантолгойг 1300 километр төмөр замын төсөлтэй ч уяхаар ажиллана. Энэ асуудалд Японы талтай өргөн хүрээний санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар бэлдэж байна.
15. Шууд манай улстай холбогдохгүй ч гэлээ манай улсын нутаг дэвсгэр дээгүүр явах хийн хоолой, транзит төмөр замын бүтээн байгуулалтын том төсөл байна.
16. Богд уулыг тойрон хөгжих “Майдар эко сити”-тэй холбоотой хөшигтийн хөндийн онгоцны буудал, Богд уулын төмөр замын төслийг Засгийн газраас хэрэгжүүлж байна.
17. Алтанбулаг-Замын-Үүдийг холбож байгаа хурдны зам, Хөшигтийн хөндийгөөс Улаанбаатар орох хурдны зам, тээврийн гурван төрөл орсон ложистикийн төв, эдийн засийн чөлөөт бүс гэсэн том цогцолбор төслүүд яригдаж байна.
18. Японтой хийсэн хэд, хэдэн удаагийн айчлалын явцад нүүрсэн дээр шүүмжлэлтэй ханддаг асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болсон. Энэ нь нүүрснээс шингэн гаргадаг төслийг хэрэгжүүлэх асуудал. Ингэснээр дэлхийн эрчим хүчний эх үүсвэр болно гэдгийг онцлон хэлэх гэсэн юм.
Монгол Улсын сайд М.Энхсайхан
19. Олон улсад үнийн дүн нь тэрбум ам.доллараас давсан төслийг мега төсөл гэдэг. Гэхдээ үнийн дүн нь чухал биш байх, олон сонирхлын уулзвар дээр байдаг, улстөржихдөө амархан, дэд бүтэц сул, их хэмжээний хөрөнгө шаардсан төслийг мега төсөл гэж нэрлээд байгаа юм.
20. Манайд мега төсөл гээд олон төсөл яригдаж байгаа. Мега төслийг анхнаас нь зөв боловсруулахгүй бол унамтгай, хагарамтгай төсөл байдаг.
21. Мега төсөл бол анхнаасаа төр хувийн хэвшлийн хоорондын төсөл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
22. Би хувьдаа хувийн хэвшил, төрийн түншлэл гэж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Гол дүрд хувийн хэвшил тоглож төр туслан дэмжих хэрэгтэй байдаг. Төр гэдэг үг өмнө нь байхаар төр нь дарамтлах гээд байдаг талтай.
23. Одоо Монгол Улсад мега төслийн эрин ирсэн. Өөрийн эрхгүй хөгжлийн үе шатаар мега төслийн эринтэй золгож байна.
24. Эхний хэдэн төсөл бэрхшээл, зовлон дундуур явах л байх. Нэг бэрхшээлийг давчихсан тохиолдолд цаашид мега төсөл саадгүй явах болно.
Т.Сар
Сэтгэгдэл (11)