АНУ-ын Засгийн газрын нууцыг дэлгэж дэлхийн даяар алдаршсан Викиликс сайт өнгөрсөн долоо хоногт дахин дуулиант баримтууд дэлгэсэн тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл Викиликсын дэлгэсэн баримтууд эхнээсээ олон улсын хэвлэлүүдийн халуун сэдэв болж байна.
Зартай алан хядагч Осама Бин Ладены хүү эцгийнхээ амь үрэгдсэнийг гэрчлэх баримтыг албан ёсоор өгөхийг хүсч АНУ-ын засгийн газарт хандаж байжээ. Осаман Бин Ладены хүү Абдалла Бин Ладены захидал болон түүнд өгсөн эрх баригчдын хариу захидлыг “Wikileaks” сайтын олонд дэлгэжээ.
Энэхүү бичиг баримтууд Осама Бин Ладен яг тусгай ажиллагааны үеэр үхсэн үү? гэх асуулт тавихад хүргэсэн байна. Осама Бин Ладенийг устгасан АНУ-ын тусгай ажиллагаанаас хойш дөрвөн сарын дараа буюу 2011 оны есдүгээр сарын 9-нд Саудын Арабын нийслэл Аль-Рияд дахь Америкийн Элчин сайд алан хядагчийн хүүд хариу өгсөн байна.
Тэрээр “Эцэг Осама Бин Ладен амиа алдсаныг гэрчлэх баримт гаргаж өгөхийг хүссэн таны захидлыг би хүлээж авлаа. Ийм баримт байхгүй гэж Төрийн Департаментын хуулийн шинжээчид мэдэгдсэн. Цэргийн тусгай ажиллагааны явцад амиа алдсан хүмүүсийн хувьд ийм явдал тохиолддог юм” гэж бичсэн байжээ.
Үүнийг барууны зарим хэвлэлүүд Осама Бин Ладен үнэхээр тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн юм бол дэлхийд зартай энэхүү хэргийг тоолгүй өнгөрөөж, Осамагийн нас барсны гэрчилгээг гаргахгүй байх ёсгүй хэмээн шүүмжилжээ.
Абделла Бин Ладены захидал нь АНУ-ын Саудын Арабтай холбоотой 500 мянган бичиг баримтуудын нэг нь юм. Эдгээрээс ихэнхи нь араб хэл дээр бичигдсэн 60 мянган баримтыг дэлгээд байна. Викиликс сайт энэхүү баримтуудыг хэрхэн олж авсан нь болон үнэн бодитой эсэх нь тогтоогдоогүй байгаа юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)