Чад улс нүүрний гивлүүр зүүхийг хориглосон талаар “BBC” агентлаг мэдээллээ. Энэхүү арга хэмжээг даваа гарагт амиа егүүтгэгч хоёр этгээд бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэний дараа авсан байна.
Ерөнхий сайд Калзеубе Пахими Деубет энэ талаар мэдээлэхдээ “Исламын хэт даврагчид гивлүүрийг өнгөлөн далдлалт болгон ашиглаж байна. Тиймээс гивлүүр зүүхийг өнөөдрөөс эхлэн хориглож байгаа бөгөөд худалдаалагдаж буй бүх гивлүүрийг хурааж шатаах болно” хэмээн хэлжээ.
Түүнчлэн тэрээр гивлүүрийг зөвхөн олон нийтийн газарт бус хаана ч зүүхийг хориглож байгааг тодотгожээ.
Чадын засгийн газар Нигерийн Исламын бүлэглэл Боко Харамыг 20 гаруй хүний аминд хүрсэн халдлагад буруутгаж байгаа юм. Түүнчлэн тус бүлэглэлтэй тэмцэх бүс нутгийн цэргийн хамтарсан хүчин байгуулахыг улсуудад уриалж байгаа юм.
Боко Харамын зүгээс халдлагын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй ч даваа гаргын аймшигт явдлын өмнө нь Чадыг Нигерид тусалсан тул өшөө авна хэмээн заналхийлж байсан билээ.
Чад улсын ихэнхи хүн ам нь исламын шашинтай бөгөөд гивлүүрийг шашны ёсын дагуу өмсдөг байна. Түүнчлэн гивлүүр нь эмэгтэйчүүдийг Сахарын халуун, шороо тоосноос хамгаалдаг давуу талтай хэмээн үздэг байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)