Ойрхи Дорнодод анх үүссэн MERS коронавирусын халдварын тархалт хурдсаж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл Герман улсад тус вирусээр халдварласан өвтөнүүдийн нэг нь амиа алдсан тухай “DW” агентлаг өчигдөр мэдээллээ.
65 настай эрэгтэй баруун хойд Оснабрюк хотын эмнэлэгт MERS вирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байхдаа нас баржээ. Тус өвчтнийг Арабын Нэгдсэн Эмирт Улсад аялж байхдаа тэмээнээс вирусийн халдвар авсан хэмээн дүгнэж байсан аж.
Хохирогчийг эмчлээд биеийн байдал нь сайжирсны дараа эмнэлгээс гаргасан боловч энэ сарын зургааны өдөр амиа алдсан байна. Түүнтэй харилцсан 200 гаруй хүнээс тогтмол шинжилгээ авсан бөгөөд бүгд халдвар аваагүй нь тогтоогдсон байна.
Герман улсад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус вирусаар өвчилсөн 3 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
БНСУ-д тархалт хамгийн өндөр байгаа бөгөөд 13 дахь халдварлагч нас бараад байгаа билээ.
Г.Үжин