Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Финляндын Ерөнхийлөгч Саули Нийнистё нар Москва хотын баруун хэсэгт орших Ново-Огарёво дахь зуны ордонд уулзсан талаар “RT” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгчид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцсан байна. Саули Нийнистёг В.Путинтай уулзахаа мэдэгдэхэд Европын орнууд ихээхэн шүүмжилж байсан юм. Харин Финляндын Ерөнхийлөгч шүүмжлэлийг үл тоон ОХУ-д очжээ.
Уулзалтын дараа В.Путин хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан ч уг уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украйны хямралын талаар хэлэхдээ хямралыг бослого гаргагчидтай шууд хэлэлцээ хийх замаар л шийдвэрлэх боломжтой гэсэн байна. Мөн тэрээр Оросын газар нутагт аюул учруулах бүх төрлийн аюул заналхийлэлд хариу үзүүлэх болно гэжээ.
Энэ өдөр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус улсын зэвсэгт хүчний талаар мэдэгдэл хийсэн. ОХУ энэ жил пуужингийн хамгаалалтыг эсэргүүцэх чадвар бүхий 40 гаруй тив алгасагч баллистик пуужинтай болж байгаагаа зарласан юм.
Финлянд нь ОХУ-тай хил залгаа бөгөөд эдийн засгийн хувьд өргөн хүрээнд хамтарч ажилладаг.
Г.Үжин