АНУ-ын Филаделф хотын баруун хэсэгт ус дамжуулах хоолой задарч их хэмжээний ус гудамж талбайд асгарсан байна.
Үүний улмаас тээврийн хэрэгсэл, байшин барилга усанд автаж үерлэн, гудамжний замууд хууларчээ.
Ус алдаж буй газарт метр орчим өндөр оргилуур үүсч, нийтдээ 29 сая литр ус асгарсан байна. Хойд 52 дугаар гудамж бүхэлдээ усанд автсанаас болж зогсоолд байрлуулсан тээврийн хэрэгслүүд хөвж мөргөлдөн эвдэрчээ.
Байшин барилгууд усанд автсан тул нэг давхрын оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлсэн байна. Иргэдэд зориулж түр орогнох байр нээжээ. Хотын захиргаа нилээд хэдэн цагийн дараа ус алдахыг зогсоосон байна. Холбогдох албаны хүмүүс эвдрэл гэмтлийг шалгаж байна. 52 дугаар гудамжинд арав гаруй машин эвдэрсэн, гудамж бүхэлдээ сүйтгэгдсэн байдалтай үлджээ.