АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас тус улсын Төв шоронг хаах санал гаргасан тухай "Telegraph" агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийн тамгын газар Төлөөлөгчдийн танхимд хандан 2016 оны санхүүгийн жилд Гуантанамо дахь Америкийн шоронд төсөв хувиарлахгүй байхыг уриалсан байна.
Гуантанамогийн үйл ажиллагаа хэтэрхий их зардал шаардаж, нөгөө талаар Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж, хэт даврах үзлийг улам дэвэргэж байгаа учраас хаах нь зүйтэй хэмээн үзжээ.
Гуантанамо дахь цэргийн бааз нь Испани Америкийн дайнаас хойш 1898 онд Гуантанамогийн буланд Америкчуудын түрээслэн авсан тэнгисийн цэргийн бааз юм. Цэргийн баазын одоогийн статусыг 1934 онд байгуулагдсан түрээсийн гэрээ тодорхойлдог.
Энэ гэрээний дагуу 100 жилээр түрээсэлсэн хэмээн Америкийн эрх баригчид мэдээлдэг юм. Гэвч 1959 оны Кубын хувьсгалын ялалтын дараа гэрээ хүчин төгөлдөр биш болсон ч Америкчууд гэрээг 100 жилээр байгуулсан гэдгээр түрий барьж одоог хүртэл цэргийн баазад байрласан хэвээр байна.
Тус цэргийн баазад анх 2002 онд алан хядах ажиллагаан сэжиглэгдэн Афганистанаас баривчилсан 20 хүнийг авчирснаар шорон бий болсон.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар байгуулагдсан цагаасаа хойш энэ шоронд 41 орны 558 хүнийг хорьж байцааж байснаас 200 гаруй нь одоо хүртэл хоригдож байгаа аж.