Алан хядах Ал-Каида бүлэглэлийн Арабын хойгийн толгойлогч Нассар ал-Вухайши АНУ-ын агаарын дайралтад өртөн амиа алдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Йеменийн мэдээллийн агентлаг ал-Масдарын мэдээллээс иш татсанаар Ал-Вухайши нь өнгөрсөн баасан гарагт Хадрамавт аймагт агаарын цохилтод өртжээ.
Тэрээр эрх мэдлээрээ Ал-Каида бүлэглэлийн удирдагчдын хоёрдугаарт бичигддэг байжээ. Мөн түүнийг Осама Бин Ладены хувийн туслах байсныг албаныхан онцолсон байна.
Пентагон Нассар Ал-Вухайшийн үхлийн талаар ямар нэгэн мэдээлэл хийхээс татгалзжээ.
Энэхүү мэдээлэл нь 2011 онд Бин Ладен амиа алдахад шуугиан тарьсан шиг Пакистанд ихээхэн яригдаж байгааг Йеменийн сайт мэдээлжээ.
АНУ-ын Төрийн Департмент Ал-Вухайшийг авчирсан хүнд 10 сая ам.долларын шагнал амлаад байсан юм.
Зартай алан хядагч Ал-Вухайши 2009 онд Ал-Каида Йемен, Саудид салбарлах үед Арабын хойгийн салбарын тэргүүнээр томилогдсон билээ.
Г.Үжин