АНУ болон Венесуэл улсууд Гаитид дээд хэмжээний уулазлт хийж байна. Хоёр орны энхийн асуудлыг хэлэлцэж буй энэ уулзалтын хүрээнд АНУ-ын зөвлөх Томас Шэннон, Венесуэлийн Үндэснийн ассемблейн дарга Диосдадо Кабелло нар уулзсан байна.
Венесуэлийн албаныхны мэдээлснээр талууд хоёр орны сөргөлдөөнийг шийдвэрлэх талаар ярилцаж байгаа аж. Талууд хаалттай хэлэлцээрийн талаар олон нийтэд хараахан мэдээлээгүй байгаа юм.
Энэ оны эхээр Венесуэл АНУ-ыг тус улсад төрийн эргэлт зохион байгуулах гэлээ хэмээн буруутгаснаар хоёр орны сөргөлдөөнт харилцаа улам хурцадсан. Харин АНУ Каракасыг аюулгүй байдалд заналхийлэгч хэмээн зарлаад байсан юм. Үүний улмаас Венесуэл АНУ-ыг элчин сайдын яамдынхаа албан хаагчдын тоог бууруулахыг шаардаж, америк жуулчдад олгох визний шаардлагыг чангатгасан бол хариуд нь АНУ Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан билээ.
Өмнө нь талууд мөн л энэ асуудлаар дээд хэмжээний уулзалт хийж байсан. Өнөгрсөн дөрөвдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Каракаст Томас Шэннонтой уулзсан бөгөөд өнөөдрийн уулзалтыг өнгөрсөн сарын яриа хэлэлцээрийн үр дүнд болж байгаа хэмээн харж байна.
Г.Үжин