Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ. Түүнийг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл тэрбээр хэвлэлийнхэнд хандаж, албан тушаалаасаа сайн дураараа огцорч байгаагаа мэдэгдлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таньд АТГ-аас албан тушаалаа урвуулан хэрэглэсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үү?
-“Иргэн хүн хардах эрхтэй. Тэр хардсан зүйлээ гомдол болгон хуулийн байгууллагад өгдөг. Хуулийн байгууллагууд түүнийг нь шалгах ёстой. Харин албан тушаалтнууд шалгуулах үүрэгтэй. Намайг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл ангиар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.
-Төсвийн мөнгө үрсэн гэж үзээд байгаа юм биш үү?
-Төсөв мөнгө яаж бүрддэг юм бэ. Жишээ нь, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомт дээр байгаа жирийн нэгэн шалгагч эмэгтэй бүтэн сарын турш ажиллаж байж 500 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл маягаар татвар төлдөг. Тэр татвараас төсөв бүрддэг.
Тэр эмэгтэй бүтэн сарын турш ажиллаж, хөлсөө урсгаж олсон мөнгөнөөс төлсөн татварыг хумслах, сохор зоос ч ашиглах ёс суртахуун надад байхгүй ээ. Тийм учраас би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа.
-Ямар учраас ажлаасаа чөлөөлөгдөж байгаа вэ?
-Ер нь албан тушаалтнууд өөртэй нь холбоотой хэрэг шалгах үед хөндлөнгөөс нөлөөлөх явдал гардаг. Тийм учраас миний бие энэ хэргийн шалгалтыг хэвийн явуулах, хөндлөнгөөс нөлөө байлгахгүй байх үүднээс өөрийн хүсэлтээр ИХШХЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр өгч байна.
Ер нь ардчилсан улсад албан тушаалтнууд асуудлаа шалгуулаад, нэр төрөө сэргээлгээд эргээд ажилдаа ордог тохиолдол маш их байдаг. Харин Монголд байхгүй. Тийм зүйлийг би санахгүй байна. Харин би залуу хүний хувьд, төрд цаашид зүтгэх хүний ёсоор энэ соёлыг Монголд бий болгоё гэсэн зорилготой байна. Шалгуулна, үнэн мөн нь олдоно гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)