ЭШЛЭЛ 1
Эдүгээ хүн төрөлхтний амьдрал техник, технологийн дэвшил, цахим хөгжлийн эринд асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, харилцан хамааралтайгаар хөгжин дэвжиж байна. Гэвч хэт явцуу ашиг сонирхол, хэт туйлширсан үзэл суртал, үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас дэлхий ертөнцийн олон газар зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна.
ЭШЛЭЛ 2
Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.
ЭШЛЭЛ 3
Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоохын тулд эрин үеийнхээ өөрчлөлт, хэмнэлийг мэдэрсэн зөв зүйтэй шийдлийг олж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна.
ЭШЛЭЛ 4
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг ямагт зорьж ирлээ. Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
ЭШЛЭЛ 5
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
ЭШЛЭЛ 6
Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.
ЭШЛЭЛ 7
Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.
ЭШЛЭЛ 8
Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан бөгөөд монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа хэрэглэж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байгаа бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг.
ЭШЛЭЛ 9
Эдүгээ цаг үед дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг өргөжүүлэх чиглэлд гаргасан дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлт талаар өнгөрөх учиргүй.
ЭШЛЭЛ 10
Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна.
ЭШЛЭЛ 11
Олон улсын терроризм, хэт даврагчдын хэрцгий үйлдэл, дүрвэгсдийн тооны өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж цэнхэр дуулгатнууд улам бүр хүнд хэцүү нөхцөлд, нарийн төвөгтэй үүрэг даалгавар биелүүлэх боллоо. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулагч, цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн, энгийн ажилтнууд зэрэг 4,370 гаруй хүн үүрэг гүйцэтгэх явцдаа амь насаа алдсаныг бид огт мартаж болохгүй.
ЭШЛЭЛ 12
Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай хэдий ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ. Тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөрийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд эдүгээ манай энхийг сахиулагчдын дунд эмэгтэй алба хаагчдын тоо 11 хувийг эзэлж байна.
ЭШЛЭЛ 13
Манай улс мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг зорьдог бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, баримт бичгүүд, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаа хиймэл оюуны найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол баталсан нь нэн чухал алхам болж байна.
ЭШЛЭЛ 14
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгуудын хүрээнд зөвхөн өрийн тогтвортой байдлыг хангах бус, олон улсын санхүүгийн тогтолцоог уг үндсээр нь шинэчлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бүрэн дэмжиж байна.
ЭШЛЭЛ 15
Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн. Нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь чухамдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм.
ЭШЛЭЛ 16
Энэ нь ногоон хөгжлийн ирээдүйн талаар монголчууд бидэнд уламжлалт арга ухаан, санал санаачилга багагүй байна гэсэн үг юм. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”, “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
ЭШЛЭЛ 17
Манай улс Төв Азийн өндөрлөгт орших өвөрмөц байрлал, эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орны хувьд ижил төстэй байрлал, нийтлэг сорилт бүхий улсуудын асуудалд онцгой анхаарч, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэхэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.
ЭШЛЭЛ 18
Монголчууд бид эртнээс эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэдэг соёл, уламжлалтай бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд улс орныхоо төр, нийгмийн үйл хэрэгт чухал оролцоотой явж ирсэн түүхтэй билээ. Энэ сайхан уламжлал, түүх соёлын улбаа улам бэхжин хөгжиж, Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирлээ.
ЭШЛЭЛ 19
Монгол Улс анхдугаар Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн тэгш эрх, сонгох, сонгогдох эрхийг Ази тивдээ анхлан баталгаажуулсан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний байгууллага байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн ойн босгон дээр 2023 онд нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэл хийсэн.
ЭШЛЭЛ 20
Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын мөрөөр болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллах болно.
ЭШЛЭЛ 21
НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй индэр юм.
ЭШЛЭЛ 22
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөөх гишүүн улсуудын хүсэл эрмэлзэл, хүч чармайлтыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн. Мөн бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжих болно.
ЭШЛЭЛ 23
Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.
ЭШЛЭЛ 24
Иймд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүн, эрхэм хүндэт төлөөлөгч Та бүхэн онцгой манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.
Сэтгэгдэл (7)