УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх байв. Гэвч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа. Энэ тухайд бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан ч амжаагүй. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзсэн" гэв.
Сэтгэгдэл (1)