Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахаа больж, цэвэршүүлэх хүчин чадал нь буурсны улмаас Туул гол дэлхийн хамгийн том жорлон болох аюулд орсон тухай мэдээлж байсан. Нийслэлчүүд гурав хоног усны хэрэглээгээ хязгаарлаж байж Төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэхэд “туслаж” Туул голоо аврах шаардлага гараад байгаа юм.
Цаазын тавцанд ирээд байгаа Туул голын ач холбогдол, баялаг, түүнд учирсан аюулын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсдаг гол юм. 704км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км.кв.
2. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.
3. Сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм.
4. Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос эх авдаг.
5. Нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана.
6. 11 сарын дундаас 4 сарын дунд хүртэл хөлддөг.
7. Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлж байна.
8. Туул голын сав газар нь уулын тайга, ойт хээр, хээрийн гурван бүсийг дамнан тогтсон учраас тус сав газар дахь амьтны аймаг нь эдгээр байгалийн бүсийн амьтны аймгийн тархалтын ерөнхий онцлогийг хадгалдаг.
9. Нөгөө талаар амьтны аймгийн тархалтын байгалийн онцлог ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаагаас түүнийг илүү нарийвчлалтай авч үзэхэд хүргэдэг ба тус сав газрын нийт нутаг дэвсгэрийн 82.8 хувийг хээрийн бүс, 11.8 хувийг ойт хээрийн бүс, 5.4хувийг уулын тайга эзэлдэг.
10. Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна.
11. Дэлхийн уур амьсгалын дулааралт Монгол нутагт, түүний дотор Туул голын сав газарт ч эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 шахам жилд энэ сав газрын агаарын дундаж температур 2.00С-аар дулаарсан байна.
12. 2013 оны дөрөвдүгээр сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр голын Туул-Сонгино ба Туул-Хадан хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна.
13. Туул голын усанд Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л-т хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.
14. Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ.
15. Усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд гарсан байна. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туул голын энэ хэсэгт ус маш их бохирдолттой нь батлагдсан байна.
16. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс энгийн болон хоногийн нийлбэр сорьц авч шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд цэвэршүүлэх чадвар нь 50.7-52.8 хувьтай байсныг судалгаанд тэмдэглэжээ.
17. Энэ нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны MNS4943:2011 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламжаас биохимийн хэрэгцээт хүчилт өрөгчийн агууламж 12-20 дахин, жинлэгдсэн бодисын агууламж 2-5 дахин их. Мөн аммонийн азотын агууламж 4-5 дахин, эрдэс фосфорын агууламж 11-13 дахин их агуулагдаж байна гэсэн үг. Ийм л усыг Туул голд нийлүүлж байна.
18. Энэхүү судалгааг хийх үед “Харгиа” цэвэрлэх байгууламж болон арьс ширний үйлдвэрүүд ажиллаагүй байсныг онцолсон байна. Одоо Төв цэвэрлэх байгууламжийн бохир усан дээр нэмэгдээд дээрх үйлдвэрүүдийн бохирдол Туул голд шууд орж байгаа.
19. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байна.
20. Ширгэх аюулын шалтгааны түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг / Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэнтэй холбон үзэж байна.
21. Мөн 1950, 1960-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон.
22. Гуравдугаарт, Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолтод ашиглагдаж байна.
23. Мөн үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээг хангаж байгаатай холбоотой аж.
24. Үүнээс гадна нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (19)