“ Эрдэнэс тавантолгой”-н захирал асан Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш хоёр сарын хугацааны дараа батлан даалтад гаргасан билээ. Энэ хугацаанд тэрбээр хуулийн байгууллагад батлан даалтад гарах хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлсэн ч, татгалзсан хариу аваад байсан юм. Тэгвэл батлан даалтад гараад буй Я.Батсуурь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж ярилцлагууд өгч эхэллээ. Ингээд энэ удаагийн 24 баримтаа Я.Батсуурийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас хүргэж байна.
1. “Чалко”-той гэрээ байгуулахдаа зах зээлийн үнээс доогуур ханшаас доогуур үнээр нүүрсээ нийлүүлэх үүргийг манай тал хүлээсэн. Мөн “Макмахон”компаниар зах зээлийн ханшаас харьцангуй өндөр үнээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнүүдийг байгуулах үед Австралид үер болж улмаар нүүрсний үнэ огцом өсч тонн тутам нь 200-300 ам.долларт хүрч байсан. Өөрөөр хэлбэл, аль аль талдаа ашигтай байсан байх.
2. Гэтэл 2012 оны сүүлчээс эхлээд нүүрсний үнэ зах зээл дээр эрс унаж эхэлсэн. Үүнээс болж “Эрдэнэс тавантолгой” ХХК дээрх хоёр гэрээг биелүүлэх боломж хомсдсон. Өөрчлөхөөс өөр аргагүй болсон ч нэгэнт байгуулсан гэрээг өөртөө ашигтай болгож орвонгоор нь өөрчлөх асуудал хэцүү байсан.
3. Тиймээс Баруун цанхийн уурхайг 2013 онд шинээр нээж нүүрсээ хямд зардлаар олборлож зах зээлийн өндөр үнээр борлуулах ажлыг эхлүүлсэн. Харьцангуй хямд зардлаар энэ ажил сайнаар үргэлжилж байгаа.
4. Монголчууд ч Таван толгойн төслийг өөрсдөө хэрэгжүүлж чадна гэдгийг амьдрал дээр нотолж байгаа. Баруун Цанхийн экспортоос бид харьцангуй өндөр ашиг олдог.
5. Харин Зүүн Цанхийн олборлолт экспортоос бид их хэмжээний алдагдал хүлээдэг учраас Баруун цанхиас олсон ашгаараа Зүүн цанхийн алдагдлыг нөхөж ирсэн. Улмаар Зүүн Цанхийн олборлолтыг өнгөрсөн өнгөрсөн оноос эхлэн түр зогсоосон.
6. Гэрээний нөхцлөө сайжруулах, гэрээг харилцан ашигтай болгохын тулд “Чалко” болон “Макмахон” компаниудтай сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тун идэвхтэй халуун ширүүн яриа хэлэлцээг хийж байгаа. Одоо ч яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа. Үүнийг хийж чадвал “Эрдэнэс тавантолгой” өнөөдрийнхөөс илүү ашигтай ажиллах бүрэн боломжтой. Мөн Чалкогийн өрийг нэмж, зардал гаргахгүй төлж барагдлуух боломжтой болох байсан.
7. Гэвч Чалко эцсийн байдлаар яриа хэлэлцээг зогсоосон. Одоо “Чалко”-д 130 гаруй сая ам.долларын өр үлдсэн. Өнөөдөр хүү нь нэлээд нэмэгдэж байгаа. Жилийн 10.4 хувийн торгуулийн хүү тооцогдож байгаа учир өрийн хэмжээ хүүтэйгээ нийлээд 140 сая.ам долларт хүрч байгаа байх.
8. Бид нүүрсээ Цагаан хадаар дамжуулалгүйгээр уурхай дээрээ шууд гаалийн бүрдүүлэлт хийж хил давуулан Ганц модруу нийлүүлдэг болсон юм. Үүний үр дүнд нийт зардлаа 30 орчим хувиар хэмнэж чадсан. “Энержи ресурс”, “Таван толгой” компаниудын экспорт эрс буурч, тэдний борлуулалтын зах зээлийг нь манайх эзэлсэн.
9. “Энержи ресурс” Чингэс бондтой тэнцэх хэмжээний зээл авсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ өндөр байх оргил үед тэд их хэмжээний зээл авсан.
10. Гэтэл өнөөдөр хямрал нүүрлэж нүүрсний үнэ гурав дахин унаснаар авсан зээлээ эргүүлэн төлөх боломж “Энержи ресурс” компанид хязгаарлагдмал болсон. “Эрдэнэс тавантолгой” компани эсрэгээрээ ашигтай ажиллаж эхэлсэн. Үнэндээ бид “Энержи ресурс”-ыг дуурайж нүүрсний үнэ тэнгэрт хадаж байх үед их хэмжээний зээл авсан бол өнөөдөр бас тэднийхтэй адил хүнд байдалд орох байсан.
11. Таван толгойн төслийг эрчимтэй, далайцтай явуулахын тулд стратегийн хөрөнгө оруулагчидтай хийж байсан хэлэлцээрийг бид үргэлжлүүлсэн. 2012 оны сонгуулийн өмнө энэ талаарх анхны яриа хэлэлцээ хийгдсэн. Одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалж миний бие яриа хэлэлцээг хийж байсан.
12. Ингээд “Эрдэнэс тавантолгой” компани санхүүжилт гаргахгүй, харин “Шинхуа энержи”, “Пибоди энержи” компаниуд санхүүжилт болон 30 сая тонн нүүрс экспортлох, төмөр зам, угаах үйлдвэр барих үндсэн асуудал зарчмаа тохиролцсон санамж бичигт гарын үсэг зурахаар бэлэн болоод байсан.
13. Гэтэл санамж бичигт гарын үсэг зурахаас өмнө Ч.Сайханбилэг сайд “Аюулгүй зөвлөлөөс өөр шийдвэр гарсан учраас энэ яриа хэлэлцээгээ зогсоо, санамж бичигт гарын үсэг зурахгүй. Танайх “цаас”-ны компани болно. Танай эзэмших 51 хувийг “Энержи ресурс”-т өгнө. Асуудал өөр хувилбараар явахаар боллоо” гэсэн.
14. Үүнээс хойш “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”-ын оролцоотойгоор яриа хэлэлцээ шинэ хэлбэрээр явагдаж, манай эсрэг хар PR олон сарын турш үргэлжилсэн. Дампуурсан, их өр зээлтэй, гүйцэтгэх захирал нь ажлаа хийж чадаагүй гэх мэтээр манайхыг муулж “Энержи ресурс”, “MCS” компаниудыг магтах сурталчилгаа явж эхэлсэн.
15. Гэхдээ намайг энэ бүхнийг дэмжихгүй байсан учраас шоронд хийсэн гэж бодохгүй байна.
16. Энержи ресурс хэд хэдэн шалтгааны улмаас Таван толгойн ордыг бүхэлд нв авахыг санаархаж байгаа. Ер нь бид сайн ажиллаж, манай компани хөл дээрээ босч нүүрсний зах зээлээс бусдыг ингэж шахаагүй бол ийм асуудал гарахгүй байсан л даа.
17. Уг нь Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шийдэх гэж ингэж яарах хэрэггүй гэж би хувьдаа боддог. Зах зээл хямралтай, нүүрсний үнэ ойрын жилүүдэд өндийх янзгүй байгаа энэ үед бид хамгийн хямд муу нөхцөлөөр л гэрээ хийнэ.
18. Одоо явагдаж байгаа гэрээний нөхцөлүүд 2012 оны сонгуулийн өмнө хийж байсан яриа хэлэлцээрээс хэд дахин муу байгаа.
19. Одоо яригдаж байгаа хувилбараар “Эрдэнэс Тавантолгой” ХК цаасны компани болбол иргэдийн эзэмшлийн 1072 хувьцаа мөн цаас болно.
20. Хэдийгээр тусгай зөвшөөрөл нь төрд үлдэж байгаа боловч 60 жилийн дараа нөөц нь дуусаад лиценз нь ч бас хоосон цаас болно.
21. Ихэнх уурхай алдагдалтай ажиллаж байгаа энэ үед их хэмжээний зээл авч хөрөнгө оруулалт хийх цаг нь өнөөдөр биш. Харин зах зээл сайжиртал түүхий нүүрсээ экспортлох нь дээр.
22. “Шинхуа энержи”-гийн хувьд Тавантолгойн төслийг орхиод гарна гэдэг ойлголто байхгүй байх. Тэдний удирдлагууд Тавантолгойн төсөлд оролцох гэж арван жил бэлтгэснээ ч хэлдэг. Манай улсын хилээс Хятадын зүүн эрэг далайд гартал төмөр зам тавьж бэлтгэсэн компани шүү дээ.
23. “Энержи ресурс”-ийн хувьд хүнд байдалд орсоноо хүлээн зөвшөөрч, үнэнээ хэлээд, төр засгаасаа өөр хэлбэрээр дэмжлэг туслалцаа гуйх ёстой. Гэтэл тэд өөрсдөө маш сайн ажиллаж байгаа мэтээр худлаа ярьж “Эрдэнэс Таван толгой” л дампуурах гээд байгаа мэт буруу ухуулгыг хэтэрхий үрэлгэн хийж байна.
24. “Эрдэнэс Таван толгой”-н асуудлыг хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуй нэгжүүдээс саналыг нь авалгүйгээр шийдвэл наанадаж компанийн тухай хууль, цаанадаж Үндсэн хуулиа зөрчих болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (52)