
Их зохиолчийн охины ярилцлага 18 жилийн дараа хэвлэлд

-Нацагийн орос авгайг манайхан хавчиж хяхаад, Цагаан арлын дамжлага бааз орох жинчдийг дагуулаад нялх хүүхдийг нь тэврүүлээд хөөчихсөн юм. Харь газрын ганц бие эмэгтэй, бас нялх хүүхэдтэйг хэлэх үү хаа байсан Ленинград хот ортол хэдэн мянган км газар яаж зовж зүдэрч явж хүрээ бол гэхээс өрөвддөг юм. Уйлж шаналах, нус нулимастайгаа холилдох юу ч биш. Нинагийн хувьд би их гэм хийсэн хүн юм шүү. Намайг дагаж Монголд ирээгүй бол... гэж өөрийгөө буруутгах, зэмлэх аяс ярианд нь илэрч байж билээ” гэжээ.
Д.Нацагдорж хилс хэргээр гянданд хатаагдаж байхдаа,
Ганц охиноо бодохуйд
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусална хэмээн "баавгайтай чихэр”-ийн цаасан дээр гяндангийн өрөөнд бичсэн мөрүүдээ охин Ананда Шридээ зориулсан гэдэг. С.Лочин авхай энэ үеийг ийнхуу дүрсэлжээ: “Нацагдорж ийнхүү бие сэтгэлийн тэнхэл алдан сууж байхдаа бас л даанч олныг мэдэхгүй байлаа. Насны хэмжил нь дуусахад үлдээд буй хоёр жил хагасын хугацаанд түүнийг дахиад шорон, архины эмнэлэг хүлээж буйг, ажил төрлөөсөө өөрчлөгдөж доош буух хийгээд, уран бутээлийнхээ оргил үе өнгөрснийг ч мэдэхгүй байлаа. Улсын баяр наадам болж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Яармагийн дэнж тэр аяараа баяр цэнгэлд умбаж байхад хотын өмхий чийгтэй гудамжинд согтуу явж байгаад харанхуй шөнөөр банзан хашаа түшээд, хожим охин нь учир битүүлэг өнгөрсний адилаар охиноосоо 57 жилээр түрүүлэн бас л учир битүүлгээр энэ хорвоотой тооцоо дуусган сална гэдгээ ч мэдэхгуй байв.

Д.Нацагдоржийн охин Ананда Шри 1934 оны 3 дугаар сарын 22-нд Улаанбаатарт төржээ. Яг жаран жилийн дараа мөн Улаанбаатарт учир битүүлгээр амиа алдсан байна. (Албан ёсоор түүнийг амиа егүүтгэсэн гэж уздэг.) Энэ жаран жилд тэрээр эхийнхээ хамт Орост амьдрахаар одож, Ленинградын бүслэлтийг давж, их сургуульд суралцаж, бас багшилж, эр нөхрийнхөө хамт Эстонид амьдарч, түүнээ алдаж, хорт хавдрын хагалгаанд орж, эргэн ирж Монголын иргэн болж, Сансарын дэнжид улсаас байр авч, зураг зурж, шулэг бичиж амьдарчээ. Улаанбаатар, Ленинград, Алтайн хязгаар, Эстоний нийслэл Таллин, дахиад Улаанбаатар. Энэ бол түүний амьдарсан газар зуй. Түүнийг нас эцэслэхээс хэдэн сарын өмнө тэр уеийн “Улаанбаатар” сонины сурвалжлагч байсан, 24tsag.mn сайтын нийтлэлч М.Буянбадрахад зохиолч, эрдэмтэн Л.Дашням зуучлан тусалснаар хэвлэлийнхэнд нэг ч удаа хаалгаа нээгээгуй Ананда Шри нэгэн ярилцлага өгчээ. Уг ярилцлага өмнө нь хэвлэлд гарч байгаагүй бөгөөд сонины редакцид өөрөө өгсөн фото ба гараараа бичсэн ярилцлагынх нь нооргийг М.Буянбадрахын хувийн архиваас авлаа.
- Монголд амьдрахаар ирсний дараа өмнөх төсөөлөл тань өөрчлөгдөв үү?
- Энэ удаагийнхаас өмнө нь бол би Монголд дөрвөн удаа ирсэн. Монголд ирж үзээгүй байж Монголын тухай төсөөлнө гэдэг боломжгүй зүйл л дээ. Гэрэл зураг, киноны кадр бол ерөнхий байдлаас зөвхөн нэг эгшинг л таслан харуулдаг. Орон зай, тэнгэр огторгуй нь уулсаар хязгаарлагдаагүй алс хязгаар ноёлож байдагт Монголын байгалийн сүр хүч оршдог. Хөдөлгөөн дундаа дүр төрхөө өөрчлөн хувилах мөртлөө үзэсгэлэн төгс байдлаа үл алдах гайхалтай Монголын зураг үзэгчийг дуу алдахад хүргэнэ. Энэ л үед “Юу вэ? Гумилевын бичсэн “Агуу тал нутаг” энэ гэж үү?” хэмээн өөрийн эрхгүй бодогдоно. Би ямар Монгол руу явж буйгаа мэдэж байсан. Нийгмийн байгуулал, ахуйн талаас нь авч үзвэл Орос, Эстонийн нэгэн адил өөрчлөгдөж байгаа л даа. Улаанбаатарын хувьд гэвэл бүхэл бүтэн хорооллууд байгуулагдаж, хот их тэлжээ. Уг нь нэг их хэцүү ажил биш байх, Улаанбаатарыг хогноос нь цэвэрлэчихвэл их л аятайхан хот болох юм.
- Эстонид байхад тань Монголын алдартай зохиолчийн охин гэж онцгойлон ханддаг байсан уу?
- Эстонид миний найзуудыг эс тооцвол хэн ч намайг “Монголын алдартай зохиолчийн охин” гэж мэддэггүй байсан. Найзуудад маань ч энэ тийм сонирхолтой зүйл биш. Дашрамд сонирхуулахад, Эстоний одоогийн ерөнхийлөгч, зохиолч Мери намайг Нацагдоржийн охин гэж мэддэг байлаа. Монголд ирээд Эстонид буцаж очсоныхоо дараа над руу утсаар залгаж нэг юм дамжуулах гэж ярьсан шүү. Миний байдал түүнд тийм ч хань хамаагүй хэрэг биш мэт санагдаж байсан. Энэ нь ч байх ёстой хэвийн л зүйл гэж би үздэг.
- Таны монгол нөхдийн тухай асуувал болох уу?
- Хэвлэлд зориулан нөхдийнхөө тухай марваа нэгэн мэдэгдэл хийх нь зохимжгүй хэрэг гэж би үзэж байна. Надад тусалсан бүх хүмүүсийг найз нөхдөө гэж нэрлэх нь миний хувьд даруу бус хэрэг болно. Эдгээр хүмүүс надад бус эцэгт минь ханддаг хандлагаа удирдлага болгон тийм зүйл хийсэн. Гэсэн хэдий миний амьдралын тохь тухыг хангахын тулд хйисэн бүхнийх нь төлөө бүгдэд нь маш их талархсанаа илэрхийлж байна.
- Ингэхэд та монгол хэл мэддэг үү?
- Нэг нас 8 сартайдаа би Монголыг орхин одсон юм. Тэгэхэд ер нь би ярьж чаддаг байсан болов уу? Үгүй дээ, би монгол хэл мэдэхгүй. Монгол хэлний сайн багш олоод ойрын хугацаанд хичээллэж эхлэе гэж бодож байна.
- Монголын зохиолчдоос хэнийг нь үнэлдэг вэ?
-Одоогоор орос хэлэнд орчуулагдсан зохиолчдыг л илүүд үзэж байна даа.
- Ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
- Ээж 1909 онд Санкт Петербургт төрсөн. Ээжийн маань ээж Петербургт зуу зуун жил амьдарсан Фон Фишерийнхний овгийн герман хүн. Харин эцэг нь орос хүн байж. Ээж найман настайдаа бүрэн өнчирч хоцроод загалмайлсан эх дээрээ өссөн гэдэг. Их залуудаа нөхөрт гарч, хар хүнээ дагаж Монголд ирж 5 жил амьдарсан. Хожим нь Ленинграддаа буцаж очоод одоог хүртэл амьдарч байна.
- Таныг ном бичиж байгаа гэж дууллаа. Ямар ном юм бол гэдэгт хариулж өгөхгүй юу?
- 1990 онд би хүнд хагалгаанд орсон юм. Эмч нар намайг 5 жил л амьдарна гэцгээж байсан. Гэтэл хувь тавилан намайг академик В.В.Ленский болон түүний шавь нар, туслагчидтай учруулсан юм. Хүмүүс дунд “байгалийн шалгарал” маягийн юм явагдаад. В.Ленскийд зөвхөн онцгой чадамжтай улс л туслаж чадах байсан хэрэг. Шуналгүй өгөөмөр сэтгэл, идэвх санаачилга, үзэл санаандаа үнэнч зан, В.Ленскийд татагдах хувийн үнэлэмж гээд олон чадвар хэрэгтэй болсон. Олон туйлт йог, Ленскийн тусламжаар нэгдэн цугласан нийгэмлэг маягийн юм үүслээ. Миний хувьд шинэ үзэл санаа, шинэ найз нөхдийн ертөнц нээгдэж билээ. Эдгээр он жилүүд шинэ мэдлэгт тэмүүлсэн сонирхол дүүрэн цаг үе байлаа. Өвчнийхөө тухай бодон гашлан суухын оронд би идэвх санаачилга дүүрэн байсан хэрэг. Өмнө нь мэддэггүй байсан өнцгөөс ертөнцийг таньсан мэдлэг маань өвчинтэйгээ тэмцэхэд тус болж байсан. Таллинаас явахдаа би “Найзууд аа, өөрсдийхөө тухай би бичих ёстой юм байна” гэж хэлсэн. Таллинд үлдсэн хүмүүст хайртай болохоор, Ленский болон түүний үзэл санааг хайрладаг болохоор, өнгөрч одсон тэр цаг мөчүүдэд бас хайртай болохоор, төсөөлөлдөө ч болов эргэн тэр үеийг амтлахыг хүсдэг болохоор би бичих л ёстой. Амжвал бичих байх. Гэхдээ хэвлүүлэх гэж лав биш. Зүгээр л.
- Монголд тэгээд цаашдаа юу хийе гэж төлөвлөж байна даа?
- Юм төлөвлөнө гэдэг над шиг өвчтэй хүнд тэнэг хэрэг. Сэтгэл зүрх минь юуг хүснэ, түүнийг л хийнэ.
1993 оны 9 дүгээр сарын 23. Баянзүрх дүүрэг. Сансар хороолол. Ананда Шригийн орон сууц.
М.Буянбадрах
М.Буянбадрах
Сэтгэгдэл (4)