Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа Засгийн газарт ажиллаж эхэлснээсээ хойш анх удаа хэвлэлд улс, төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Ингээд түүний ярьсан ярианаас 24 онцлох ишлэлийг хүргэж байна.
1. Өнгөрсөн 100 хоногт “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гурван удаа давтан хэлсэн шиг макро эдийн засаг руу Засгийн газар бүх ажлаа чиглүүлсэн. Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ард түмний нуруунд ямар ачаа болж очих вэ. Нөгөө талдаа эдийн засгийг авч яваа хувийн хэвшилд ямар дарамт учирч болох вэ, түүнээс яаж сэргийлэх вэ гэж анхаарч ажилласан.
2. Хөрөнгө оруулалт татах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, төсвийн алдагдал, өрийн тааз гээд олон юмыг анхаарч байгаа. Гацаанд орчихоод байгаа том төслүүд байна. Энэ бүхэнд гарц хайж, гарцыг нь олж, зөв авч явах ёстой гэдэг утгаар Ерөнхий сайд олон нийтэд хандаж хэлэх үгэн дээрээ өөрөө нэлээд сайн суусан.
3. Хаврын чуулганыг нээхдээ илэрхийлсэн УИХ-ын дарга З.Энхболдын байр суурийг би үнэхээр цочирдож, гайхаж хүлээж авсан. Ямар нэгэн бүлэглэлийн, эсвэл улстөрчдийн, магадгүй хувь улстөрчийн байр суурийг төрийн эрх барих дээд байгууллагын өмнөөс тэгж илэрхийлэх ёсгүй.
4. УИХ-ын бүх гишүүний өмнөөс хуралдаан даргалж буй хүний хувьд тийм байр суурь илэрхийлэх нь дэндүү хувь хүний амбиц гэж ойлгогдож байна. Би энийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад үүссэн нөхцөл байдалтай холбож харж байлаа.
5. Манай АН-д олон жил явсан маргаантай нэг асуудал бол хэн Ерөнхий сайд байх тухай байсан юм. Тэгээд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд, ялагдах юм бол УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга болно гэсэн. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэдгийг Үндсэн хуульд оруулж чадаагүй ч бүлгийн гэдэг утгаараа ялагдсан намын дарга УИХ-ын нэг дэд дарга болох санааг бол Үндсэн хуулийн нэмэлтээр оруулсан. Анх боловсруулсан Үндсэн хуулиар бол УИХ нэг л дэд даргатай байсан шүү дээ.
6. Уг нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон л бол автоматаар намын дарга болох ёстой юм. Гэтэл намын дарга нь З.Энхболд болчихсон. Яахав хувь улстөрч З.Энхболд намын дарга болсон бол хамаа алга. Гэтэл энэ хүн УИХ-ын дарга. Эндээс л бүх юм эхэлсэн.
7. УИХ-ын дарга хүн бол бүлгүүд хоорондоо үл ойлголцох үед нэг ширээний ард суулгаж ойлголцуулах үндсэн үүрэгтэй. Бараг л Ерөнхийлөгч шиг нам бус баймаар хүн. Тэгж байж нэг асуудлаар үхрийн эвэр шиг хэдэн тийшээ болчихсон бүлгүүдийг “УИХ-ыг гацаахгүйн тулд энэ дээр улс төрийн шийдвэрээ гарга” гэж ойлголцуулж байх ёстой хүн. Гэтэл өнөөдрийнх шиг нэг намын дарга нь УИХ-ыг даргалаад сууж байна гэдэг нь өөрөө парламентат ёсонд байдаггүй л зүйл.
8.Хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсний дараа би хувьдаа Үндсэн хуулийн асуудлаар дуугарах цаг болжээ гэж харсан. Харамсалтай нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулахдаа дан УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн байна лээ.
9. УИХ-ын дарга АН-ын даргын хувиар үнэхээр Тавантолгойн гэрээнд эргэлзэж, Засгийн газраас өөр байр суурьтай байгаа бол хаврын чуулганаа сайхан эрхэмсэг л нээчих байсан юм. Харин чуулган даргалж буй сандлаасаа буугаад намын бүлэг дээрээ ороод “Сайханбилэг ээ, Ерөнхий сайд аа, яагаад Тавантолгойг УИХ-аар хэлэлцэх ёстой байтал ингэв ээ” гээд толгой хагаравч малгайдаа, гар хугаравч ханцуйдаа гэдэг зарчмаар дуугарсангүй вэ. АН-ын хувь заяаг бодож, байгуулсан засгаа бодсон бол АН-ын дарга хүн тэгж л дуугарах байсан.
10. Шувуу нэгэнт нисчихсэн байсан шүү дээ. Улс орон даяар олон нийтэд хандаж Ерөнхий сайд үг хэлчихсэн. Тавантолгойг хөдөлгөх гэж байсан хоёр том компанийн төлөөлөл ирчихсэн байхад УИХ-ын дарга тэгж хэлсэн нь үнэхээр баллуурдсан даа. Гэтэл үнэхээр тэр нь АН-ын байр суурь байсан ч юм уу. Бүлэг дээрээ энэ тухай ярьсан уу. УИХ-ын дарга хүн ийм үг хэлэх эрхтэй юү.
11. Алдаа гаргах ёсгүй албан тушаал гэж байдаг юм. Жишээ нь, Ерөнхийлөгч, эсхүл УИХ-ын дарга, эсхүл Ерөнхий сайд. Эдгээр топ улстөрчдийн гаргасан алдаа улс үндэстэнд хор уршиг учруулж байдаг.
12. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байгаа хүмүүс хувь улстөрч байхаа больчихдог юм. Тэд бол өөрсдөө институц болчихдог. Тийм учраас энэ хүмүүс хэлж байгаа үгийнхээ үр дагварыг сайн тооцоолж байх ёстой.
13. Намын хувьд энэ АН-ыг үүсгэн байгуулагчид бол талийгаач С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Баабар, Р.Гончигдорж гээд манай нэгдүгээр эгнээнийхэн. Хоёр дахь эшелон гэвэл Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, С.Баярцогт гээд АН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан хүмүүс бий.
14. Үнэндээ АН-ын хамгийн том дутагдал гэх үү, өвчин гэх үү засаг барихаараа хоорондоо зөрчилддөг. 1996 онд засаг барьсан, хоорондоо хагарсан, бутарсан. Тэр үеийн МАХН-тай өөрсдөө нийлээд л Ц.Элбэгдоржийн, М.Энхсайханы, Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагасан. Тэгээд Р.Амаржаргалын Засгийн газартай 2000 оны сонгуульд орж байлаа шүү дээ. Дахиад 2004 онд Ц.Элбэгдоржийн их эвслийн Засгийн газар байгуулагдсан. Хугацаанаас нь өмнө бас л өөрчилсөн. Сая Н.Алтанхуягийн Засгийн газрыг ч өөрчиллөө. Энэ бүх байдал бол манай намын том дутагдал.
15. Энэ бүх юм фракцуудын хоорондын үл ойлголцол, зөрчил үү гээд аваад үзэхээр бас яг ч тийм биш юм шиг. Илүү сонирхлын зөрчил гэж харагдаж байгаа. Фракцгүй боллоо гэж хэчнээн зарласан ч гэсэн нэг хэсэг бизнесийн эрх ашгаас үүдэж хаврын чуулганы нээлт дээр намын дарга ийм хариуцлагагүй үг хэлж болохгүй л дээ.
15. МАН-ын гишүүн Ц.Нямдорж “АН-ын фракцууд ялагдсан үедээ намын, ялсан үедээ төрийн зовлон болж байна” гээд хэлчихсэн үгтэй санал нэг байна.
16. Өнөөдөр хоёр намд маш том сорилт гэх үү, зовлон учирчихаад байгаа. Үе солигдох асуудал. Тэр утгаараа нэг, хоёрдугаар үеийнхэн гээд хэсэг хүмүүс байна. 2016 онд хагас нь, 2020 онд бол ойлгомжтой бүгд солигдож таарна. Гэхдээ яг үе солигдоход дараагийн улстөрчдийн үе гарч ирсэн үү гэхэд маш сонин хариулт гарч ирж байгаа юм.
17. Үндсэн хуульд харамсалтай нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэж зааснаас үүдээд парламент нь өнөөдөр сэтгүүлчдийн байгууллагын удирдлагыг хүртэл томилж байна. /МҮОНРТ-ийн үндэсний зөвлөл/.
18. УИХ-ын томилдоггүй байгууллага гэж үгүй боллоо. УИХ гэдэг үнэндээ 76 дарангуйлагч болчихсон. Гишүүд нь хувь улстөрчид гэдэг утгаар хувь сонирхлоо илэрхийлж бүхий л юманд оролцож байна. Энийг зогсоохын тулд бие биеэ хянадаг механизмыг л бий болгох хэрэгтэй.
19. Байнгын хороо илүү мэргэжлийн байх ёстой. Хуулийнх нь амин сүнсийг гаргадаг. Нэгдсэн чуулган бол зүгээр л товчлуур дарах асуудал. Гэтэл бага оврын парламент буюу 76 гишүүнээ тав, зургаан Байнгын хороонд хуваачихаар нэг Байнгын хороонд 11, 12 гишүүн л ногддог. Ингээд 11, 12-ынх нь зургаа, долоо нь хуралдаа сууж, тэднээс дөрөв нь олонхи болж хуулиа дэмждэг. Институцийн хувьд ийм дутуу дулимаг байгаад байгаа юм.
20. УИХ-ыг институцийнх нь хувьд бодоход дор хаяж 120 гишүүнтэй байж УИХ гэдэг утгаараа бэхжиж, чангарна. Түүнээс одоогийнх шиг хувь УИХ-ын гишүүн гэдэг улстөрчид л “төрөөд” байна. Үүнээс нь болж урвалт, шарвалт, санаа оноогоо худалдах, сонирхлын зөрчил, бизнес нь улс төр рүү ордог юм гээд утгаа алдлаа.
21. Манайх шиг байгалийн их баялагтай, мега төслүүд нь дандаа 20-30 жил үргэлжлэх улсад нэг засаг гарч ирчихээд өмнөх засгийнхаа бодлогыг үгүйсгээд байвал хэн манайд орж ирэх вэ. Тиймээс төрийн залгамж чанар гэдэг юмыг бодох ёстой
22. Өнөөдрийн УИХ өөртөө зориулж хууль хийдгийг л болих хэрэгтэй байна. Мэдээж 2016 онд маш ухаалаг хүмүүс УИХ-д гарч ирчихээд сайхан болгоно гэж байхгүй. Одоо байгаа бүрэлдэхүүнээрээ л бүх юмаа одоо л янзлах хэрэгтэй. Холимог нь илүү тохиромжтой.
23. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизм байх ёстой. Энэ эрхийг бүлэгт нь өгөх нь чухал. Жишээ нь, намын нэрээр гарчихаад өөрөө хувь улстөрч гарчихсан юм шиг улс төрд хувийн тоглолт хийж болохгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)