УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх хугацаанд хийх ажлаа тайлагналаа.
Ерөнхийлөгчийн ажлаа тайлагнахдаа тавьсан илтгэлээс “24 баримт” буландаа онцолж байна. Тэрээр хийсэн ажлуудаа дараах үндсэн есөн чиглэлд хуваан танилцуулсан юм.
• Иргэдийн оролцоо
• Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх
• Хууль, шударга ёсыг бэхжүүлэх
• Монгол, Монголоо бүтээгчдээ дэмжих
• Байгальд ээлтэй ажлыг дэмжих
• Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх
• Гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх
• Олон нийтийн санал санаачлагыг дэмжих
• Цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина хэмээн тодорхойлов.
1. Дэлхий өөрчлөгдөж байна. Улс орныг удирдах тал дээр эргэлт хийх хэрэгтэй. Өмнөх шигээ ажиллаж болохгүй. Хүний эрхийн, өмчийн эрхийн, гэрээний эрхийн хуулиудыг боловсруулж батлах шаардлагатай байгаа. Иргэний оролцооны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хуулийг батлах шаардлагатай байгаа.
2. Монгол Улс НҮБ-д нэгдэхээр нэрээ дэвшүүлээд олон жил болж байгаа. Энэ онд багтаад нэгдэх болно.
3. Бизнес эрхлэгчид алдаа гаргавал хариуцлагаа өөрөө үүрдэг. Харин улс төрчид алдаа гаргавал хариуцлагыг нь ард түмэн хүлээдэг. Цаашид алдаа гаргасан улс төрч хариуцлагаа өөрөө хүлээдэг байх жишиг тогтооно.
4. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа нийт 1200 орчим арга хэмжээнд оролцсон байна. Бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа 30 гаруй хуулийн төсөл санаачилж, өргөн барина. Нийт 40 хууль санаачилснаас 28 нь батлагдсан. 8 хууль буцаагдсан, 9 хууль хүлээгдэж байгаа.
5. "Өдрийн сонин"-ын эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн санаачилгаар Архигүй Монгол уриалгыг гаргаж, төсвөөс архи худалдаж авахыг хориглов. Монголчууд архийг биш сүүг дээдлэх энэ ажил тодорхой амжилтанд хүрсэн. ЕТГ-ын аливаа ажиллагаанд архи огт хэрэглэдэггүй.
6. Архины 51 үйлдвэр байна. Таван аймаг архи спирт үйлдвэрлэхгүйгээр эдийн засгаа аваад явж байна.
7. Цаазын ялтнуудад уучлал үзүүлдэг болсон. Ардчилсан Монгол Улсын төрийн замнал цусгүй байх ёстой.
8. Хамгийн хязгаарын, хамгийн цөөнхийн эрх ашгийг хангах чиглэлээр ажиллав. Тухайлбал, цаатан иргэдийн амьдралтай танилцлаа. Цэргийн хүмүүжлийг олгоход анхаарлаа. МОХ-ны удирдлагатай ярилцаад Оюутан-цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
9. Дэлхийн шилдэг 100 их сургуульд элсэн ороход тэтгэлэг олгож эхэлсэн. Жилд 90 гаруй хүүхэд хамрагдаж байна. Монголоос гарсан үнэт зүйл монголд эргэн ирдэг болсон.Олуулаа болох санаачилгыг дэмжиж, дэлхийгээр тархан суурьшсан монголчуудыг эх орондоо эргэж ирэхийг уриалсан.
10. АСЕМ-ын ээлжит уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санал гаргах үүргийг Л.Болд сайдад өгсөн. Энэ нь дэмжигдсэн. Монгол Улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүнд нэрээ дэвшүүлсэн.
11. Гадаад бодлого, дотоод бодлого гэдэг бол нэг зоосны хоёр тал. Тиймээс аль алинд нь онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсын гадаад бодлогын эхлэх цэг нь Орос, Хятад хоёр хөрш. Харилцан бие биенээ хүндэтгэх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Хоёр хөрштэйгээ санаачлагатай, хариуцлагатай, гүйцэтгэлтэй ажиллах нь чухал байна.
12. Иран улс, Персийн хойгт манай түүхтэй холбоотой эх сурвалж олон бий. Монголын хаадын гурван захианы эх хувийг хувилж авчирсан. Монгол судлаач эрдэмтдийг урамшуулдаг болсон. Монгол судлалыг дэмжих сан байгуулж, монголыг судалдаг гадаадын эрдэмтдийг хүлээж авсан.
13. Хүүхдүүдэд 1-р ангиас нь эхлээд монголын түүх, соёлын тухай хичээл заадаг болсон. Түүхээ мэддэг байх нь хамгийн чухал. Алтай Таван Богдыг Төрийн тахилгатай болгосон. Монголчуудын түүх, соёлын уламжлалыг үргэлжлүүлэх талаар олон ажил хийж байгаа. Жил бүр калиграф буюу уран бичигтэн шалгаруулах уралдааныг зохион байгуулах болсон. Жил бүрийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монголын бахархлын өдрийг тэмдэглэдэг.
14. Уул уурхайн салбарт замбараагүй лиценз олголт хязгаарлагдсан. 2012 оны 4-р сараас 2014 оны 06-р сар хүртэл ашигт малтмалын зөвшөөрөл огт олгоогүй.
15. Байгаль орчин, усаа хамгаалах нь зөвхөн би Ерөнхийлөгч байх хугацаандаа анхаарах ажил биш, үргэлж анхаарч байх ажлын нэг. Хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй байх аливаа санаачилгыг дэмжиж, хамтран ажиллана.
16. Үйлдвэрлэл бол улсын нэр хүндтэй холбоотой. Манайд үйлдвэрлэлийн соёл хамгийн их дутагдаж байгаа. Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг өмнө нь 14 улстай харьцуулдаг байсан бол энэ оноос эхлэн 60 улстай харьцуулж гаргахаар болсон. Өрсөлдөх чадварын үзүүлэлтийг тав дахь жилдээ хийж байна.
17. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монгол Улс авлигын түвшний үзүүлэлтээрээ 40 улсаар урагшилсан.
18. Ядарсан иргэд хуулиас зугтаадаггүй. Харин задарсан албан тушаалтнууд л хуулиас зугтдаг.
19. Бид юу хийж, хэлж байгааг иргэд төдийлөн сонирхдоггүй. Харин хүмүүсийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг л анхаардаг.
20. Шүүх байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийж эхэлсэн. Хуульч мэргэжлийн талаар хуулийн тодорхойлолт гаргаж, үүрэг, хариуцлагыг нь тодорхой болгож өгсөн. Шилэн дансны хуулийг УИХ баталж, хэрэгжүүлж эхэлсэн.
21. Аймаг бүрт барилгын инженерийн ангийг байгуулах санаачлага гаргаж ажилласан. Энэ ажил амжилттай хэрэгжиж байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг багаас нь бэлтгэж байх шаардлагатай байгаа. ҮАБЗ-ийн хурал болон ажлын уулзалтыг тогтмолжуулсан.
22. Иргэд ирэх сонгуулиудад нэр дэвшигчдээс миний оролцоог яаж хангах юм бэ гэдгийг заавал асууж байх ёстой.
23. 2013 онд ОНХС-аар дамжуулан 6440 төсөлд 189 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Хөдөө, орон нутагт явахад сумд нүүрээ угаасан юм шиг цэвэр цэмцгэр болсон нь ОНХС-ийн үр дүн.
24. Иргэний танхимыг бий болгосноор бодлогын чанартай асуудлуудыг боловсруулахад иргэдийн дуу хоолойг сонсох, оролцуулах болсон. Иргэний танхимд өнөөдрийг хүртэл нийт 453 удаа хурал зохион байгуулагдсан байна. Үүнээс 9 хуралд нь би өөрийн биеэр оролцсон.
Г.Үжин
Сэтгэгдэл (14)