УИХ-ын дарга З.Энхболдын хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үг олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Одоо яригдаж байгаа Тавантолгойн төсөлд Монгол Улсын Засгийн газрын нөхцөл хугацаатай бол нөгөө талынх хугацаагүй, хариуцлага хүлээхээргүй байна. Иргэдийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиролцоогүй, нэмэлт хайгуул хийгээд хөрөнгө оруулалт хийх нь тодорхойгүй байна. Ноцтой үр дагавартай гэрээ хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй. Хэрвээ УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гэрээ хэлэлцээ хийсэн сайд дарга нарыг огцруулах болно.
Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.
Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.
Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна.
Энэ нь 2010 онд Улсын Их Хурлаар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгана гэсэнтэй нийцэхгүй байна.
Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрийн төслийг өнөөдөр өглөө нэхэж авлаа. Гэрээ, хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүд Та бүхэнд хүргүүлсэн. Та бүхэн эдгээр гэрээг уншаад, Засгийн газар яагаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр, чуулган нээгдэж байгаа энэ өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно.
Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа эдгээр гэрээ, хэлэлцээрийн төслийг харахад Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна.
Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай байгаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанартай, зорилт биелэгдээгүй тохиролдолд хүлээх хариуцлага байхгүй байна.
Мөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, Иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тохиролцоо хийгдээгүй, Нэмэлт хайгуул хийгээд нөөцийг нь яах нь тодорхойгүй, 4 тэрбумын хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи Ресурс” компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан, Төмөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөнгө оруулагч нөгөө тал хийх эрхийг олгосон, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөндлөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна.
Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
Хэрэв Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье" гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд зарим улс төрчид уг асуудлыг яаралтай ажил хэрэг болгохын тулд заавал УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж хэлсэн билээ.
Тэгвэл УИХ-ын дарга уг асуудлыг заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн хатуу байр суурьтай байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (10)