Монгол улсын эдийн засгийн чуулган 2015 баасан гарагт өндөрлөсөн. Тус чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлэгт тавьсан илтгэлүүдээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна. Чуулганы хоёр дахь өдөр Монгол улсын алсын хараа нэгдсэн хуралдаанаар эхэлсэн юм. Мөн Өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил, Маргаан таслах мэргэжлийн байгууллага, Эрүүл мэндийн салбарын менежмент, Эдийн засгийн түншлэл: Хамтын ажиллагаагаар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь, Хууль тогтоомжийн тогтвортой, тодорхой байдал ба бизнес, МУ-ын худалдаа, аж үйлдвэрийн хөгжил, Найрсаг Улаанбаатар, МУ-ын Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь, Уул уурхайн салбар хаашаа чиглэнэ вэ? сэдэвт салбар хуралдаанууд болжээ.
1. “Нээлттэй мэдлэг боловсрол сан”-ийн тэргүүн Д.Энхбат: Хамтын зорилгогүй гэдгээ олж харж байгаа нь сайн хэрэг
2. Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам: Авлигыг илааршуулж байж алсын хараа яриарай
3. Д.Сосорбарам: Алсын хараагаа ойрынхоо харааг сайжруулахаас эхэл.
4. Д.Сосорбарам: Эдийн засаг тогтворгүй байгаа шалтгаан нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай холбоотой. Төр бизнес, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцож, халамжилж байна.
5. Д.Сосорбарам: Авлига авсан хүн нь УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалттай эрх чөлөөтэй яваад болдог байж таарахгүй. Ийм нөхцөлд баялаг бүтээж байгаа миний, таны дархан эрх хаана байгаа юм.
6. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Монгол Улсын хөгжлийн шинэ хандлага, загварыг боловсруулж гаргахад энэ чуулган маш их хэрэг болно. Өнөөдөргүй маргааш, ирээдүй гэж байхгүй. Бид ирээдүйнхээ хөгжлийн талаар ярихдаа өнөөдөр, маргаашийн талаар заавал бодох ёстой.
7. П.Очирбат: Өнөө маргаашгүй Тавантолгойн гэрээгээ байгуулаад, ажлыг нь явуулмаар байна. Энэ мега төсөл араасаа олон аж аж ахуй нэгжийг чирч, энэ хэрээр олон мянган ажлын байр бий болно. Энэ том төсөлд орж ирж байгаа хөрөнгө Монголын аж ахуй нэгжүүдэд л очно. Цаг алдмааргүй байна.
8. П.Очирбат: Оюутолгойд бас нэг дэгээ тавьчихсан. Энэ дэгээгээ бушуухан мулталмаар байна.
9. П.Очирбат: Малчны хотхоноос бар орнуудтай ярилцах боломжтой болсон гээд жишээ татвал бар орон болох элемэнт явж байна
10. П.Очирбат: Нэг өдөр л бүхнийг шийдчих юм шиг битгий бодооч. Буруу зөрүү ойлгосон хүмүүс үймүүлж, саад болохоо болих хэрэгтэй.
11. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав: онголд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99 хувь нь хуурамч тайлантай.
12. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Өнөөдөр бидэнд алсын хараа байхгүй, алсын хараатай болох хууль, эрхзүйн орчинг бүрдүүлээгүй учраас төрийн бодлого намын мөрийн хөтөлбөр болчихсон.
13. С.Бямбацогт: Бодлого маань урт, дунд, богино хугацаандаа хоорондоо уялдаатай байх ёстой. Улсын хэмжээний, бүс нутгийн, орон нутгийн бодлоготой байх хэрэгтэй. Салбараараа уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн гээд салбарууд хоорондоо уялдаатай байх ёстой.
14. С.Бямбацогт: Бодлого уян хатан байх ёстой. Цаг үеийн шаардлагаас шалтгаалаад өөрчлөлт оруулах бололцоо бүрдэх ёстой.
15. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Өнгөрсөн 25 жилийн түүхээ эргээд харахад ололтууд бий. 1990 онд Монгол Улс ардчилсан үзлийг сонгож байхад төсвийн дийлэнх хэсэг нь ЗХУ-ын тусламжаас бүрддэг, түүхий эдээ тус улсад гаргадаг бүтэцтэй байсан. Одоо бол төсвийн 70-80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна.
16. С.Баярцогт: Эдийн засгийн дундаж өсөлт 7 хувьтай байна. Тиймээс бид алсын хараа, бодлогын тухай ярих ёстой.
17. С.Баярцогт: Алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудлыг маш хүчтэй лидер, түүний баг боловсрууж гаргаж тавих ёстой. Тэр хүмүүс тухайн үедээ хэзээ ч сайнаар хэлэгддэггүй.
18. УИХ-ын дарга З.Энхболд: Энэ жилийн эдийн засгийн чуулган нэг талаас Монголын эдийн засгийн өсөлт саарсан бизнесийн мөчлөгийн хүнд үе, нөгөө талаас Монголын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг илүү бодитойгоор томъёолох шаардлага тулгарсан онцгой үед болж байна.
19. З.Энхболд: Энэ жилийн эдийн засгийн чуулган Монголын эдийн засгийн богино хугацааны савлалт, урт хугацааны чиг хандлагыг олон талаас нь хөндөн ярилцсан нь сайшаалтай байна.
20. З.Энхболд: Уул уурхайгаас хамааралтай эдийн засагт хүчтэй савлагаа байнга нүүрлэх юм байна гэдгийг бид хатуу ойлгож авсан жилүүд болж байна.
21. З.Энхболд: Уул уурхайгаас хэт хамааралтай энэ бодит байдал ойрын ирээдүйд хүссэн хүсээгүй үргэлжилнэ.
22. З.Энхболд: Манай эдийн засгийн үндсэн бодлого нь түүхий эдийн богино хугацааны мөчлөг бүхий савлагаатай зөв харьцах, урт хугацааны өсөлтийг бий болгох дэд бүтэц, аж үйлдвэрээ тэтгэсэн хөрөнгө оруулалтыг хангах гэсэн хос бодлогоор тодорхойлогдоно.
23. З.Энхболд: Бид өөрсдийн зэсээ ашиглан харьцангүй энгийн технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн дэлхийн зах зээлийн тэн хагасыг эзлэе гэсэн амбицтай байж яагаад болохгүй гэж.
24. З.Энхболд: Бид сүүлийн хоёр жил төгрөгийн ханш уналаа гэж хэт улстөржсөн.
Сэтгэгдэл (5)