Тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй “Эдийн засгийн форум-2015” арга хэмжээ Төрийн ордноо үргэлжилж байна. "Итгэлцэл" уриалгын дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн форумын анхны өдөр олон сэдвээр салбар хуралдаан боллоо.
Тодруулбал, өчигдөр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал нэгдсэн хуралдаан болсон. Мөн Институцийн засаглал ба хамтын ажиллагаа, Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил, Мэдээллийн ёс зүй /хариуцлага/, Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, Санхүүгийн салбарын хөгжил, Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам, Монгол Улсын зээлжих зэрэглэл, Үндэсний корпорациудыг бий болгох сэдвээр салбар хуралдаанууд болсон байна.
Эдгээр хуралдаануудад тавьсан илтгэлүүдээс олны анхаарал татсан 24 ишлэлийг “24 баримт” булангаараа хүргэж байна.
1.“Сео” клубын ерөнхийлөгч, UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин: Итгэлцэл хаана алдарч байна вэ гэхээр төрийн хяналт шалгалтын тэр цэгийг хөндөхөөс аргагүйд хүрч байна.
2. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюутолгойн далд уурхай төслийг урагшлуулахад бидэнд дахиад нөгөө итгэлцэл одоо хэрэг болж байна. Бид сөргөлдөгч биш бид хамтрагчид. Хоёр тал нэг завин дээр явж байгаа хамтрагчид.
3. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй
4. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ердөө хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын хувьд Рио Тинтогийн Ерөнхий захирал ноён Сэм Уолштой энд уулзахдаа ч итгэлцэл хэрэгтэйг харилцан хүлээн зөвшөөрсөн, ойлголцсон.
5. Баабар: ХЭРЭЭГ “ХЭРЭЭ” Л ГЭДГЭЭС, “БҮРГЭД” ГЭЖ ӨРГӨМЖИЛДӨГГҮЙ илтгэл олны анхаарлыг ихэд татлаа.
6. Баабар: Одоо Монгол банкны албан нөөц 60%-иар, өөрийн нөөц 150%-иар буулаа. Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөх өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг хасаад тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1,5 тэрбум доллар болчихоод байна.
7. Баабар: Монгол улсын ДНБ 2004 оноос 2012 оны хооронд яг 10 дахин буюу мянган хувь өсчээ. Ийм богино хугацаанд эдийн засаг нь ингэж огцом сэргэх явдал ерөөс хүний түүхэнд ховор тохиолдол. Энэ нь монголчууд гэнэт ажилсаг болсон хэрэг биш, ердөө л түүхий эдийн үнэ дэлхий даяар гэнэт өссөнтэй холбоотой. Чухам үүнийг дагаад олон жил гуйж гувшаад олдохгүй байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн юм.
8. Баабар: Өнөөгийн бизнесийн ертөнцийн томоохон хар ангал болсон сүрдүүлэгчид, ард түмний нэрээр дарамтлагчдын армийг манай бизнесийн ертөнцийнхэн өөрснөө л бүтээлцсэн. Тэд тэнгэрээс унаагүй, эрэг гуунаас ургаагүй.
9. Дэлхийд алдартай Фитч рейтингс, Ази номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю Фэннэл: Монгол улсын зээлжих зэрэглэл зэрэглэл В болж буурсан төдийгүй хандлага нь сөрөг гэсэн дүгнэлт гаргасан байгаа нь гадаад орчны итгэл тун маруухан байгааг харуулж байна.
10. Андрю Фэннэл: Монголын хувьд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 50 хувьтай байна. Энэ нь Египет болон зарим орнуудаас доогуур байгаа боловч үүнээс ч бага хувь хэмжээтэй орнууд байгаа.
11. Монголбанкны төлөөлөл н.Батсуурь “Гадаад валютын нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам доллартай тэнцэж байгаа
12. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа “Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын зүгээс Монгол Улс бодлогын хувьд тогтворгүй байна гэдгийг үргэлж хэлж байгаа.
13. МҮИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээний асуудал эрхэлсэн дэд захирал Д.Нэргүй: Өнөөдөр Монгол Улсын орон сууцны нэг оршин суугч өдөрт 240 литр ус хэрэглэж буй бол 20 жилийн дараа 10 дахин бага буюу 20 литр ус л хэрэглэх боломжтой болох юм гэж үзжээ.
14. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт: Ардчилал тогтсон 25 жилийн хугацаанд 14 Засгийн газар солигджээ. Засгийн газар солигдох бүрийд яамдын бүтэц өөрчлөгддөг. Энэ нь эргээд төрийн тогтвортой бодлогод нөлөөлж байгаа учраас Монгол Улсын парламентын засаглалыг боловсронгуй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байна.
15. УИХ-ын гишүүн М.Батчимэг: Герман улс 1992 оноос хойш гурван Ерөнхий сайдыг томилсон бол Монголын хувьд 10 гаруй Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тиймээс УИХ нь Засгийн газраа байгуулдаг тогтолцоог өөрчилж, зөвхөн Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг тогтолцоо руу шилжих нь бодлого тогтвортой үргэлжлэх суурь болно.
16. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Байрны урьдчилгааг 10 хувь болгон бууруулж, үлдэж байгаа 20 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргаж шийдвэрлэхээр болсон.
17. Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь: 18 телевиз, 25 сайт, 14 өдөр тутмын сонины нийтлэлийг судлахад нийт 85 мянган мэдээллийн 14,435 нь уул уурхайн сэдэвтэй. Уул уурхайн сэдэвтэй мэдээллийн гурван мянга нь Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллүүд байна. Цацагдаж байгаа мэдээллийн сөрөг нь эергээсээ хоёр дахин илүү байна.
18. МСНЭ-ийн тэргүүн Б.Галаарид: Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар манайхан голдуу улс төржөөд байна. Улс төрчид нь өөрөө эх сурвалж болоод хувирчих жишээтэй. Манайхан өөрсдөө хөрөнгө оруулагчид, бусад субъектээс мэдээлэл авахаасаа илүүтэй улс төрчдийг эх сурвалжаа болгоод байна.
19. Б.Галаарид: "Оюу Толгой"-той холбоотой мэдээллийн сөрөг мэдээлэл нь эергээсээ гурав дахин бага байна. Мөн өнгөрсөн онд 812 субъект энэ сэдвээр мэдээлэл өгсөн байна.
20. Монголиан Майнинг Журнал сэтгүүлийн редактор Л.Болормаа: Сэтгүүлчид мэргэших хэрэгтэй.
21. Гадаад Хэргийн дэд сайд Н.Оюундарь: Өмнө нь төрийн байгууллагууд дээр олон нийттэй харилцах алба байсан. Одоо бүсээ чангалаад тийм хэлтэс, нэгжгүй болсон. Тийм болохоор мэдээллийн эх сурвалж нь улс төрчид болчихлоо.
22. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал: 2015 онд макро эдийн засаг тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
23. Монгол Улсын сайд М.Энхсайхан: ОТ-оос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм “ард түмний халаасанд” орсон.
24. Монгол Улсын сайд М.Энхсайхан: ЭТТ компанид 150 сая ам. долларын зээлээ нүүрсээр төлөхийн тулд 150 сая ам.долларын зарлага гаргах шаардлагатай болсон байх жишээтэй.
Г.Үжин
24tsag.mn
Сэтгэгдэл (12)