Манай улсад сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний дэгдэлт асар хурдацтай өсч байгааг эрүүл мэндийн байгууллагынхны зүгээс сэрэмжлүүлээд байгаа. 2012 онд манай улсад мөн л энэ өвчлөл тархаж улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнүүлж байсан. Гэвч энэ онд дахин хурдацтайгаар тархаж эхэллээ. Уг нь ХӨСҮТ-өөс 2015 он гэхэд энэ өвчнийг бүрэн устана гэж ам гараад байсан ч ийн дэгдэж эхэллээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаад буй улаанбурхан өвчний талаарх мэдэхэд илүүдэхгүй 24 баримтыг хүргэж байна.
1. Сүүлийн хэдэн жил мартагдсан, устгасан өвчний нэгд тооцоод байсан улаанбурхан өвчин мэр сэр гарах болжээ. Бүр хүүхэд улаанбурханаар амь үрэгдсэн гэх мэдээлэл ч цацагдаад амжив. Гэвч улаанбурхан дэлгэрч байгаа нь үнэн боловч хүүхдийн амь насанд хүрсэн гэдэг нь худал мэдээлэл гэж Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлж байна.
2. Хамгийн сүүлийн мэдээллээр Улаанбаатар хотын таван дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
3. Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
4. IX зууны үед Арабын эмч Rhazes улаанбурханы эмнэлзүйн тухай бичиж Morbilli гэж нэрлэж байсан.
5. XVIIзууны үед Английн эрдэмтэн Т.Сиденгам , францын эмч Мортон нар улаанбурханы тухай бичиж байсан.
6. XVIIIзууны үед Италын эрдэмтэн Р.Борсиери улаанбурхан өвчнийг биеэ даасан өвчин гэж тэмдэглэж байсан.
7. Дундад зууны үед улаанбурхан өвчнийг хүүхдийн хамгийн аюултай өвчин гэж тооцож байсан ба Орос оронд энэ өвчний улмаас 4 хүүхэд дутмын нэг нь нас барж байсан.
8. 1900-1910 онд зөвхөн Европд нэг сая орчим хүүхэд эндэж байсан. Иймээс хүүхдийн тахал гэж нэрлэж байсан.
9. XXзууны эхэнд улаанбурхан өвчнийг вирусийн гаралтай болохыг тогтоосон бөгөөд 1954 онд Америкийн эрдэмтэн Эндюрс, Пиблс нар улаан бурханы вирусийг анх ялган авсан.
10. 1967 онд Оросын эрдэмтэн А.А Смородинцевын удирдсан эрдэмтэд Улаан бурханы вакциныг гаргаж авсан.
11. Орчин үед Улаан бурхан өвчнийг судалсан түүхийг 3 үе болгон авч үзэж байна.
12. Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын 10 хүртэл хоног халдвартай гэж үздэг.
13. Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр нус шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. халдварлалтын индекс 95-100% байдаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвдөхгүй. Өвчлөл хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.
14. 2012 оноос өмнөх гурван жилд манай улсад улаанбурхан өвчин бүртгэгдээгүй. Харин ижил вакцин тарьдаг БНХАУ, ОХУ-д уг өвчин бүртгэгдсээр байсан.
15. Өөрөөр хэлбэл, Хүүхэд бүрт уг өвчний эсрэг вакцин тарих болсноор улаанбурхан сүүлийн жилүүдэд огт гараагүй байсан.
16. Гэвч 2015 он буюу энэ жил улаанбурханы дэгдэлт газар авах шинжтэй байгааг эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байна.
17. ХӨСҮТ-ийн зүгээс “Манай улсын ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсэд хамаарах бөгөөд энэ бүс нутагт 2015 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрэн устгах зорилго тавин ажиллаж байгаа” гэдгээ онцолж байсан.
18. Энэ өвчин ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгаа байна.
19. Хятадад Улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгааг албаныхан хэлж байна.
20. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноор вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Үүнээс болж вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байгаа аж. Гэхдээ энэ өвчнөөр хүн нэг л удаа өвчилдөг.
21. Өвчний нууц хугацаа : 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног урт нь 21-28 хоног хүртэл уртсаж болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг. Энэ үед 38-40 С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна. Хамар битүүрч, хоолой өвдөж, өндөр халуурч, аман дотор болон чихний араас улаан тууралч гарч эхэлнэ.
22. Өвчнөөс сэргийлэхийн тулд дархлагаа дэмжиж, вакцинд хамрагдах нь хамгийн шалгарсан арга аж.
23. Улаанбурханы вирус үржиж байх үед нянгийн халдвар авснаас дунд чихний үрэвсэл, уушгины хатгаа, сахуулай /ларингит/ суулгат халдвар, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй байдаг.
24. Улаанбурхан өвчин агаар дуслаар маш хурдан халдварладаг өвчин учраас бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар хамаагүй явуулахгүй, хүйтэн зүйл уулгаж, даарч хөрүүлэхгүй байлгаж, хөнгөн чанарын шингэц сайтай хоол хүнс хэрэглүүлэх шаарлагатай.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)