Анх 2010 онд Нийслэлийн Засаг даргын 420 тоот захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байгуулахыг дэмжиж хотын А зэрэглэлийн бүсэд буюу хүүхдийн парктай хаяа нийлсэн хэсэгт 0,003 га газар олгох шийдвэр гарчээ. Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах “Төгс эрдэм сан” захиалагчаар “Тоб групп” ХХК гүйцэтгэгчээр энэхүү барилгын ажлыг эхлүүлсэн түүхтэй. Барилгын шав тавих ёслолд С.Эрдэнэ сайд тууз хайчилж “энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын төв байгуулагдана” гэж уярам сайхан үг хэлж байв. Харин ийм төв байгуулах болсон тухай Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул огтхон ч дуулаагүй явсан нь хачирхалтай. Барилга угсралтын ажил явагдаж байхад гаднаа “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” гэсэн хаягтайгаар ажил явагдаж байлаа. Харин үүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж хотын А зэрэгллийн бүсээс газар луйвардсан АН-ынханы уйваагүй үйлдэл гэж мэр сэр бичиж, ярьж байсан ч хүмүүс төдийлөн анхаараагүй явж ирсэн. Гэтэл энэ хардлага оргүй зүйл биш байсныг энэ сарын 24-нд болж өнгөрсөн тус байрны нээлт харуулжээ.
Байрны гадаа “Фүжи Холдинг” гэсэн хаяг тодоос тод харагдана. Харин байрны дотор талд Ардчилсан хүчний холбооны шинэ байрны нээлт гэсэн тууз өлгөж, гоёмсог заслаар засаж тохижуулсан аж. Нээлтийн ажиллагаанд ардчилсан хүчний холбооны “томчууд” цөм ирж оролцсон бөгөөд шампанск буудуулан ихэд сүржин арга хэмжээ болсон гэх. Харин энэ байрны аль ч өрөө, буланд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын төв гэж хэлэхээр юу ч анзаарагдахгүй байлаа. Ийнхүү хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ салбарынхаа нэрийг барьж, намынхаа нөхөдтэй шинэ байранд нь тухалж байхад үүнийг ашиг сонирхолын зөрчил мөн эсэх, эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх, тус барилгын санхүүжилт ба Ардчилсан хүчний холбоо гэгч байгууллага яаж яваад энэ газарт эзэн болчихсон зэргийг шалгадаг АТГ, цагдаагийн байгууллага гэж алга. УИХ-ын дарга З.Энхболд, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ нарын тэргүүлдэг холбоо ийнхүү намаасаа ч сайхан байртай болсон бөгөөд тэдний зураг зургаан давхарт байрлах “Шонхор клубын”үүдээр музейн үзмэр шиг ярайж байна.
Сэтгэгдэл (49)