Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд анхаарал татах нэгэн үйл явдал боллоо. Тодруулбал, МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар намаасаа татгалзаж, МАХН-д элсэн орлоо.
Тэрбээр энэ тухайгаа нуухыг хүсээгүй бөгөөд албан ёсоор намаасаа гарч буйгаа өөрийн твиттер хуудсаар нээлттэй мэдээлсэн юм. Түүнд олон жил ажиллаж, алдаа оноог нь үүрэлцэж ирсэн намаасаа татгалзах болсон том шалтгаан байсан байж таараа. Харин тэрбээр энэ шалтгаанаа МАН-ын удирдлагууд болон зарим гишүүдтэй нь холбон тайлбарлаж байна.
Энэ бол намаасаа гарсаны дараа хэвлэлд өгсөн түүний анхны тайлбар. Үүнээс үзвэл тэрбээр намынхандаа их л гомдсон бололтой.
Түүний хувьд 2008 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байв. 2012 оны УИХ-ын сонгуульд дахин Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм.
МАН дээрх сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа удирдлагуудаа өөрчилж, энэ үеэр түүнийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох сунгаа Бага хурлын төвшинд болсон ч гишүүдийн олонхи нь дэмжээгүй юм. Ж.Сүхбаатар тухайн үед Бага хурлын дараа “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт цэвэршихгүй” гэх хатуухан үгийг твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр 2012 оны сонгуулийн дараа АНУ-ыг зорьж, хэсэг хугацаанд тэнд амьдарсан билээ.
Үүнээс хойш нам гүмхэн байсан экс гишүүн өнгөрсөн зун МАХН-ын даргатай уулзаж олны анхаарлыг татсан бол одоо намын гишүүн нь болж дуулиан тарилаа.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ талаарх мэдээллийг үгүйсгэж “Манай намын гишүүд намаасаа гарсан зүйл байхгүй. Энэ бол манай намыг хагалган бутаргах гэсэн сөрөг мэдээлэл” гэж ярьж явна.
Ямартай ч УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч байгаа тухай бичиг, мөн намын батлахаа Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн намын үүрийн дарга Ж.Оюунд өгснөө баримттайгаар дэлгэлээ.
Одоо тэрбээр МАХН-д ажиллана. Тэр бүү хэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн яриа ч байна. Өнгөрсөн зунаас эхлэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай найзлах болсон тэрбээр албан тушаалын тохироогоо аль хэдийн хийсэн биз. Ж.Сүхбаатарын хувьд хар багаасаа төрийн албанд зүтгэж, улс төрд танигдсан, бэлтгэгдсэн боловсон хүчин яах аргагүй мөн. Түүний аль намыг сонгох нь олон нийтэд тийм ч чухал биш ч МАН-ын дараагийн үеийнхнээс зөв гэж харагддаг залуу улс төрчдийн нэг. Улс төрд нэр цэвэр, зөв хүнээ алдана гэдэг МАН-д л хохиролтой.
Түүнийг МАХН-д элсэн гэх бор шувуу ниссэний дараахан тэрбээр энэ зургийг твиттертээ оруулсан юм.
Улс төрийн хувьд хамаагүй том албан тушаал, дэвших тойрогтой болсон тэрбээр ирэх сонгуульд хэрхэн оролцохыг харах үлдэж байна. Үнэндээ МАН-д “ гомдсон” гишүүд нь төрөлх нам МАХН руугаа урвах цуваа үргэлжилсээр байгаа гэхэд болно. Үүний нэг нь Ж.Сүхбаатар боллоо. Түүний араас хэн ч явж мэдэх юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (62)