АТГ-аас өмгөөлөгч О.Баасанхүүг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбогдуулан өмгөөлөгч О.Баасанхүү Монгол Улсын үндсэн хууль, өмгөөллийн тухай хууль, ЭБШ хуулиудаар олгогдсон өмгөөлөгчийн бүрэн эрхэнд шууд бүдүүлгээр халдан, өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, өмгөөлөгчийн зүгээс байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход санаатайгаар саад учрууллаа хэмээн Ерөнхийлөгчид хандсан байна. Тэрбээр хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалуулах үүднээс хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргаж буйгаа дурджээ. Уг гомдлыг бүрэн эхээр нь нийтэллээ.
1. Миний бие 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, үйлчүүлэгчийнхээ зөвшөөрлөөр АТГ-ын удирлагуудын тавьсан аливаа шаардлагуудын хууль зүйн үндэслэлийг үйлчлүүлэгчдээ тайлбарлах чиг үүрэгтэйгээр тухайн өдөр оролцож байсан юм. Гэтэл 4-р сарын 12-ны шөнө хийгдсэн баривчилгааны үед тухайн үед байсан АТГ-ын удирдлага болон цагдаагийн байгууллага, хүчний байгууллагийн удирдлагуудын зүгээс өмгөөлөгчийн эрхийг хүндэтгэн үзээгүй, баривчилгааны үед өмгөөлөгчтэй харилцахаас эрс татгалзан, хүч түрэмгийлсэн үйлдлийг гаргасан.
2. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр миний үйлчлүүлэгчийг ШШБЕГ-ийн харъяа Төв аймгийн цагдан хорих төвд хорихдоо ЭБШ хуулийн 61.1-д зааснаар гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд зөвхөн өмгөөлөгч болон гэр бүлийн зүгээс албан бус мэдээллийн дагуу тухайн хоригдож буй хүний байгаа газрыг олж мэдсэн, гуравдугаарт дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэж оролдсон ба ингэхэдээ миний үйлчлүүлэгчид таны өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээс санаатайгаар татгалзсан хэмээн худал мэдээллийг миний үйлчлүүлэгчид өгсөн.
3. Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр байцаалтын ажиллагаанд оролцох явцад миний үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцан, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авах гэж оролдсон бөгөөд хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг авч явсан.
4. Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбат нь өрөөндөө намайг дуудан ирүүлж, цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оруулахгүй хэмээн мэдэгдсэн.
5. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн коммиссар Д.Цоодолсэнгээгийн зүгээс 06/1565 тоот албан бичгийг ирүүлэн тухайн албан бичигтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.4, ЭБШ хуулийн 146.9, өмгөөлөлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4, ЭБШ хуулийн 41-р зүйлийг тус тус үндэслэн цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн энэхүү мэдээллийг АТГ-ын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж, үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний нууцлалыг санаатайгаар задалсан байна. Тэдний хийсэн энэхүү хууль бус үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 16-р зүйлийн 14 т “ өөрөө өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа болно. Түүнчлэн тухайн байгууллагын зүгээс ЭБШХ-ийн 8.1, 8.2, мөн хуулийн 41.3.1, 41.3.2, 41.3.5, 41.3.12, 41.3.10, 41.3.4, 146.6, 146.3 дахь заалтыг тус тус зөрчин, байцаалт хийгдээгүй тэмдэглэлд өмгөөлөгчийг гарын үсэг зурах ёстой хэмээн албадан тулгах гэсэн үйлдэл хэмээн ойлгож байна. Мөн өмгөөлөгчийн бүрэн эрхэнд халдаснаар , өмгөөлөлийн тухай хуулийн 15.1, 15.2, 14.7, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тиймээс цаашид өмгөөллийн тухай хуулийн 12-р зүйлд заагдсан бүрэн эрхээ эдлэх, 12.3.2 д заасан үүргээ биелүүлэхэд илтэд саад учраад байгаа болно.
6. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭБШ хуулийн 41.3.3 д заагдсан эрхийнхээ дагуу гэрчийг байцаах ажиллагаанд оролцохоор АТГ-т очиход таний байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хаасан, гэрчийг байцаахад өмгөөлөгч оролцох ёсгүй гэх шалтагууд хэлж цаашид АТГ-ын хийгдэж буй аливаа байцаалттай холбоотой ажиллагаанд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн.
Иймд энэ бүх нөхцөл байдлуудаас шалтгаалан өмгөөлөгчийн зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох талаар өөрөөс шалтгаалах эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч өгөхийг хүсч байна” гэжээ.
Б.Чимэг