Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мягмар гарагт Доналд Трамп Хятадын импортын бүх бараанд 104 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Трампын "харилцан" тарифын багцын хүрээнд Хятад улс лхагва гарагт татвараа 34 хувиар хариу нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч Бээжин мягмар гаргийн үд дунд гэхэд АНУ-ын бараанд 34 хувийн хариу татвар ногдуулна гэсэн амлалтаасаа буцаагүй тул Трамп дахин 50 хувийн татвар нэмсэн нь худалдааны дайны галыг асаасан гэж хэлж болно.
Үүний хариуд Хятад хариу арга хэмжээ авч АНУ-аас экспортолж буй бүх төрлийн бараанд 84 хувийн татвар ногдуулахаар болсон. Үүний хариуд Доналд Трамп Хятадад ногдуулсан тарифаа 125 хувь болгон өсгөжээ.
Тэрбээр АНУ-ын тарифын арга хэмжээний эсрэг "ямар нэгэн арга, хэлбэрээр хариу арга хэмжээ аваагүй" улс орнуудын тарифыг түр зогсоож буйгаа тодотгожээ. Тариф хэрэгжиж эхэлсний дараа хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унасан нь Доналд Трамп шийдвэрээ түр зогсооход нөлөөлсөн гэж мэдэгджээ. Бизнесийн төлөөллүүд болон хөрөнгө оруулагчид Доналд Трампт тарифын арга хэмжээгээ эргэн харах ихээхэн шахалт үзүүлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Хятад улс өнгөрсөн онд Америкийн хоёр дахь том импортын эх үүсвэр болж, нийт 439 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ руу тээвэрлэсэн бол АНУ Хятад руу 144 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна. Харилцан тариф нь дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлж, цомхотголд хүргэх аюултай.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаа дуусахад АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд дунджаар 19.3 хувийн татвар ногдуулсан гэж Петерсоны Олон улсын эдийн засгийн шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэв. Харин Байдены засаг захиргаа Трампын тарифын ихэнхийг хэвээр үлдээж, дундаж тарифыг 20.8% болгожээ.
Л.Баяр