Украины ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт Украины тагнуулын алба Оросын армид байлдаж байсан 155 Хятад иргэнийг илрүүлсэн гэдгийг зарлав. Өнгөрөгч мягмар гарагь Украины тал ОХУ-ын талд байлдаж байсан хоёр хятад иргэнийг баривчилсан юм.
ОХУ-ын тал Хятад иргэдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар байршуулах байдлаар дайнд элсүүлсэн гэж Зеленский лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Энэ хугацаанд Хятад улс уг дайнд цэргийн хүчээр оролцож байгаа гэдгээ байнга няцаасаар ирсэн. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лхагва гаргийн эхээр Хятад иргэд Украинд байлдаж байна гэсэн аливаа мэдээлэл нь "үндэслэлгүй", "Хятадын засгийн газар иргэддээ зэвсэгт мөргөлдөөн болж буй бүс нутгаас хол байж, аливаа хэлбэрээр мөргөлдөөнд оролцохгүй байх, ялангуяа аль нэг намын цэргийн ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж захиж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй" гэжээ
Украины аюулгүй байдлын агентлагийн баримт бичигт Оросын зэвсэгт хүчинд алба хааж байсан 150 гаруй хятад иргэдийн жагсаалтыг харуулсан бөгөөд тэдний ихэнх нь цэргийн доод албан тушаалтан байсан гэнэ.
Украины зүүн нутагт байлдааны үеэр олзлогдсон хятад иргэдийн нэг нь Хятад дахь зуучлагчаар дамжуулан Оросын армид элссэн бөгөөд Оросын Зэвсэгт хүчинд элссэнийхээ хариуд 300 мянган рубль буюу 3500 ам.доллар авсан гэдгээ өчжээ.
Л.Баяр