Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалт өгөхөөр 10, 11, 12 дугаар ангийн нийт 85 мянган шалгуулагч бүртгүүлжээ. Тус шалгалт хоёр өдөр үргэлжлэх агаад энэ сарын 18-ны өдөр буюу өнөөдөр орон даяар эхэлнэ. Энэ жилийн хувьд 10, 11 дүгээр ангийн сурагчид сайн дураараа оролцох боломж бүрдсэнээр ийнхүү бүртгүүлэгчдийн тоо эрс ихэссэн аж. Иймд шалгалт өгөх сурагчдадаа амжилт хүсээд дараах мэдээллийг хүргэж байна.
Монгол, хэл бичгийн шалгалт нь 50 оноотой ба шалгалтыг 100 минутад хийж гүйцэтгэнэ. Шалгуулагчдаас дараах дөрвөн чадварыг шалгах аж.
- Уншаад ойлгох чадвар. Энэ нь 700 орчим үгтэй, бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ. Нийт 20 оноо
- Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засаж, зөв бичих даалгавар юм. Нийт 5 оноо
- Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Тодорхой бичил эхийг уншаад, түүнийг кирилл бичиг рүү хөрвүүлж бичнэ. Нийт 5 оноо
- Эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 орчим үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоор, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ. Нийт оноо 20
Шалгалтад очихдоо юуг анхаарах вэ?
Шалгуулагчид бүх даалгаврыг өөрийн мэдлэгийн хүрээнд хичээн хийхийг зөвлөж байна. Даалгаврыг хийхгүй хоосон орхиж болохгүй. Шалгалтын байранд 1 цагийн өмнө очих ба шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байхыг сануулъя.
Шалгалтын дэвтэр дээр цэнхэр хөх өнгийн үзгэн балаар бичих тул үзгэн балаа өөрсдөө авч очихыг анхаараарай.
Сандарч тэвдэхгүйн тулд гэрээсээ гарахдаа замын түгжрэлийг тооцон эрт гарах, өглөөний цайгаа уух, шалгалтад авч очих бичиг баримтаа зөв бүрдүүлэх зэрэг хувийн бэлтгэлээ сайн базаагаарай.
Ямар материал бүрдүүлж очих вэ?
Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, хувийн хэрэг: 10-11 дүгээр ангийн сурагчид.
Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт: 12 дугаар ангийн сурагчид.
Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг: Өмнөх оны төгсөгчид. Энд дарж дэлгэрэнгүйг харах боломжтой
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо хэд вэ?
Энэ шалгалтын босго оноо нь 400 байна. Энэ оноог давсан шалгуулагч их, дээд сургуульд элсэж орох эрх нь нээгдэнэ. Босго оноогоо даваагүй шалгуулагч элсэлтийн шалгалтад орох эрх нь нээлттэй, харин их, дээд сургуульд элсэн орох боломжгүй.