Бид та бүхэнд яруу найрагч Ч.Ренчиндоржийн "Суль өвс" анхны шүлгийн түүврийн тухай Талд унтаж хоцорсон өнчин янзага шиг мэдрэмжүүд нэртэй нийтлэлийг хүргэсэн. Түүний уг номын нээлт 2025 оны нэгдүгээр сарын 03-нд болох гэж байна. Нээлттэй холбоотой мэдээллийг ЭНД дарж авна уу. Тэгвэл энэ удаад түүний номоос онцлох таван шүлгийг хүргэж байна.
Нүд минь
Нүдээ аних минь
Чамдаа хүрэх хамгийн дөт зам
Нүд минь
Нүд аних минь
Чамаасаа буцах хамгийн сүүлчийн зам.
***
Хөвийн усанд тунасан одны алтан илтсийг
Хөтөлгөө морь минь гишгээд доголохыг ч анзаараагүй
Хөөргөн насны минь аагийг ногтлох гэж
Тэнгэр аавыг минь авсан
Тэр мөчөөс эхлэн би тал хүн болсон
...Үүрийн шүүдрийг газар унагаж хагалахгүй гэхдээ
Үзүүртээ өлгөөд бөгтийн бөгтийсөөр газарт хүргэдэг
Өвс шиг хүмүүн болсон ...
Унасан морины туурайн мөрөнд ус тогтоод тунгалагших мэт
Удаанаар сэтгэлээ цэлмээх гэж их даяанчилсан
Урьдын ерөөлөөр зам мөр минь чам руу хөтөлсөн ...
Дэргэд чи минь мөр түшин суугаад үүр цайлгахад
Дээлийн хормой дээр суусан шувуу үргэсэнгүй
Тийм амгаланг олсон би
...Бадаг бадаг оддын салхитай орчлонд
Бүенгээгийн бага хүү одоо бүтэн болсон.
***
Нөжирсөн цус мэт зүүн тэнгэр улайна
Нөгчсөн амь , шатсан өвсний сүнс
Намайг авар , намайг авар гэх нь
Намар асгарч амжаагүй борооны орилоон
Нүднийх нь гал нулимсандаа унтарсан хүмүүс
Ганц өвс ч болов аваръя , нялх амь гэх
Зулын дөлөнд шатаж буй эрвээхэйн тарчлалыг
Ажралгүйгээр гадагш гарсан би
Зүүн тэнгэрийг алгаа дэлгэн тэмтэрвэл
Халуу дүүгэх –өвсний улаан сүнс.
***
Бурхадын нулимсыг үзээгүй ч
Ижийнхээ халуун нулимсыг үзсэн
Бусдыг нь мэдэхгүй ч
Таны минь нүдлүүлсэн хамгийн том уул тал юм
...Халуун нулимсаа унагасан энэ уулынхаа энгэрт
Халуун нулимснаасаа түрүүлж унахыг бурхад ч мэдэхгүй ээ.
***
Гөрөөчин эр ганзага хоосон ирэх мэт уйт өдөр
Гүн нууцат талын хормой салхинд дэвэн давлагаална
Хажуугаас болжморын сүрэг үргэн нисэхэд би гэмтэй мэт болоод
Алсад үлдсэн хүмүүний төрх цээжний гүнд цог мэт унтарна
Амьд явах угтаа хамгаас том нүгэл...
Гөрөөчин эр ганзага хоосон буцах мэт баярт өдөр
Ганц амь, ганц амь ч болов намрыг үзнэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)