Энэтхэг улс "бхоти" болон урду хэлийг Ладакийн Холбооны нутаг дэвсгэрийн албан ёсны хэл гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ сарын 03-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Ладакийн удирдагчид болон Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт болжээ.
Уулзалтаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор "бхоти" хэлийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан байна.
Уг хэл нь Гималайг дамнасан бүс нутагт хэрэглэгддэг төвөд хэл (бодиг) билээ. Гэхдээ тус бүс нутгийн Гимачал Прадеш, Сикким, Уттаракханд, Аруначал Прадеш, Баруун Бенгалийн зарим хэсэгт орших төвөдүүд Ладаки, Спити, Лахауил зэрэг өөр өөр нутгийн аялгатай байдаг. Өмнө нь төвөд хэлэнд "бхоти" гэсэн нэр томьёо нь Ладакийн Холбооны нутагт маргаан үүсгэж байв.
Төвөдийн 33 дахь хаан Сонцэн Гампо долдугаар зуунд Түми Самбхота болон бусад эрдэмтдийг Энэтхэг рүү илгээснээр төвөд бичиг болох бодигийг бий болгосон гэж тэмдэглэгджээ.
Деванагари зэрэг Энэтхэгийн бичгийг судалсны дараа Туми Самбхота төвөд бичиг, дүрмийг зохиосон гэдэг. Энэ бичиг нь санскрит, пали хэл дээрх буддын шашны зохиолуудыг Энэтхэгээс төвөд хэл рүү хөрвүүлэхэд тус дөхөм болж, Төвөд, Ладак, Гималайн орчмын бүс нутагт буддын шашныг дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.
Л.Баяр