Сирийн босогчдын бүлэглэл төрийн эрхийг бүрэн гартаа авлаа. Улмаар тус улсын ерөнхийлөгч Башар аль-Асад ОХУ руу зугтсан. Босогчдын бүлэглэл Хаят Тахрир аль-Шам Асадын дэглэмийн огцрох гэж буй Ерөнхий сайд Мохаммед аль-Жалалитай уулзаж, засгийн эрхийг шилжүүлэх асуудлаар ярилцжээ.
Даваа гарагт босогчдын хуваалцсан видео бичлэгт босогчдын гол бүлэг болох "HTS"-ийн удирдагч Абу Мохаммад аль-Жолани болон "HTS"-тэй холбоотой Авралын засгийн газрын Ерөнхий сайд Мохаммед аль-Башир нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх Ерөнхий сайд Мохаммад Гази аль-Жалалитай уулзаж буйг харуулсан байна.
Босогчид энэ уулзалтаар Сири дэх ард түмэндээ үйлчлэхийн тулд эрх мэдлийг шилжүүлэн авах ажлыг зохицуулах зорилготой гэж мэдэгджээ.
“Ерөнхий сайдын шийдвэр хараахан гараагүй байна. Өнөөдөр Жолани, Мохаммед аль-Башир болон одоогийн ерөнхий сайд нарын хооронд хэлэлцээ болов. Энэ нь "Four Seasons" зочид буудалд болсон" гэж эх сурвалж CNN-д ярьжээ.
Аль-Башир бол Сирийн хойд хэсгийн босогчдын хяналтад байгаа Идлиб мужийг удирддаг Авралын засгийн газрын HTS-тэй холбоотой ерөнхий сайд юм.
Дамаскт болсон уулзалт нь Гази аль-Жалали босогчидтой хамтран ажиллахаа амласны дараа болж байна. Босогчид Дамаскийг эзлэн авсны дараа бичигдсэн зурваст "төрийн чиг үүргийг жигд, системтэй шилжүүлэх" болон "төрийн байгууламжуудыг" хэвээр үлдээхийг дэмжсэн.
Л.Баяр